Тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүллээ
15 Цагийн өмнө
156
Тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүллээ
Тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүллээ. Таван жилийн үндсэн чиглэлийг шинжлэх ухаанд суурилан боловсруулж, төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, олон нийт гээд нийт 14 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж 644 санал авч, тусгасан байна.
 
Тэргүүн шадар сайд Н.Учрал "Шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн “зүрх”, инновацыг эдийн засгийн “хөдөлгүүр” болгохоор зорьсон. Үндсэн чиглэл 8 зорилтод төвлөрч Ерөнхий сайд Г.Занданшатарын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д тулгуурлан Үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тодорхойлсон. Цаашид хэн олон форум зохиож, сүртэй зүйл ярьснаар ажил хэмжигдэхгүй. Зорилго тодорхой, хүрэх үр дүн хэмжигдэхүйц, хатуу хяналт, бодит үнэлгээгээр дүгнэгдэнэ. Өөрчлөлт тус бүрийг 426 тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжинэ. Иргэдийн дундаж цалинг хэрхэн өсгөх вэ?, Хувийн хэвшлийн ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?, Нэг сурагчид ногдох боловсролын чанарыг хэрхэн сайжруулах вэ? зэрэгт салбар бүрийн хувь нэмэр, авсан арга хэмжээ, үр дүнг хэмжиж, хэрэгжүүлж, хянаж, үр дүнг тооцно. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн чадамжийн үнэлгээний дундаж, Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний дундаж, Эдийн засгийн эргэлтэд орсон патентын тоо зэрэг нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий 40 гаруй үзүүлэлтийг одоог хүртэл тооцож чадаагүй байгааг тодруулж, үндсэн чиглэлийн төсөлд тооцдог байхаар тусгалаа" гэв. 
 
Иргэн, хувийн хэвшилд хэр хүртээмжтэй, хүнд сурталгүй, үр өгөөжтэй үйлчилж байгаагаар төрийн ажлыг хэмжиж, дүгнэнэ. Үр дүнд таван жилийн дараа “хийсэн үү?, хийгээгүй юу? Зорилтдоо хүрсэн үү? Хүрээгүй юу” гэдгийг үзүүлэлтээр харж, эргээд хариуцлага тооцдог зөв механизм бүрдэнэ гэдгийг Шадар сайд онцолсон юм. Үүнээс гадна хэрэгжилтийг хангаж, салбар хоорондын уялдааг зохицуулж, нэгдсэн бодлогоор чиглүүлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна. Улсын хөгжил, ард түмний амьдралыг ерөнхий байдлаар бус индекс, тоогоор хэмжиж, үр дүнгээр нотолж харуулна гэж нэмж хэллээ. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.