Зуны сар зургаа биш гэдгийг Засгийн газарт сануулав
Зуны сар зургаа биш гэдгийг Засгийн газарт сануулав
"Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи хамтран гаргадаг тус судалгааны банкны салбарын үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал, ногоон санхүүжилт болон цаг үеийн сэдвүүдээр мэдээлэл өгсөн юм. Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын өсөлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй байна.
 
Барилга, боловсруулах салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөллөө. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай байна. Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 26 хувиар өссөн хэдий ч импортын бараа, бүтээгдэхүүний өсөлт өндөр байна. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна.
 
Банкны зээл өнгөрсөн хагас жилд 30 хувиар өсөж, хэт халалттай байлаа. Ялангуяа бизнесийн зээл 60 хувиар өсжээ. Салбарын хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 5.9 хувьд хүрсэн нь сүүлийн 10-аад жилийн доод түвшинд очоод байна. Үнийн өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарснаар иргэдийн төгрөгөөр хадгалуулах сонирхол нэмэгджээ.
 
Нүүрсний экспортын орлого нэмэгдэж, төсвийн тэнцэл эхний хагас жилд 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан нь Засгийн газрыг төсвөө тодотгож, зардлаа нэмэхэд нөлөөллөө. Энэ таатай байдал нь цаашид хэвээр үргэлжлэх хүлээлттэйгээр ирэх жилүүдэд зардлыг нэмэгдүүлэхээр төсвийн төлөвлөгөөнд тусгажээ.
 
Гэхдээ “Зуны сар зургаа биш” гэдгийг санаж “Засгийн газар нүүрсний экспортын орлого буурч, төсвийн орлого тасрахад эдийн засагт гарч болох сөрөг үр дагавруудыг тооцож ажиллах нь чухал байна.” гэж Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг хэлэв. Түүнчлэн, төсвийг их тэлж байгаа нь хүү бууруулах орчныг хязгаарлаж байна гэдгийг онцоллоо.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.