"Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд оны эхний хагас жилийн үр дүнгээ хэлэлцээд 7 хонох гэж байна. Тус нэгдлийн охин болон хараат компаниуд үйл ажиллагаагаа тайлагнасан удирдах ажилтны зөвлөгөөнд хамтарсан Засгийн газрын "гал тогоо"-г хумьж байгаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал оролцсон юм. Түүний хувьд шинээр бүрдсэн Засгийн газар ямар бодлого баримтлах, тэр тусмаа төрийн өмчит компаниуд хэрхэн ажиллах хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлж, нэлээд урт илтгэл хэлэлцүүлсэн юм.
"Үгэн дотор үг, үхэр дотор гиваан" гэдэг. Шинэ сайдын үгэн дотор өлгөж авахаар олон "мессеж" уншигдаж байлаа. Үүнээс олон жил дуншиж буй үйлдвэрлэл, технологийн парк урагшлах нь гэсэн ойлголт, итгэл олон хүнд төрсөн юм. Урьдчилсан тооцоогоор 6 үйлдвэрлэл технологийн паркад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 6.2 тэрбум ам.долларын 68 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 36 үйлдвэр байгуулагдах юм байна. Энэ бол урьдчилсан тооцоо, төсөөлөл. Нарийн судалгааны явцад дээшээ, доошоо энэ тоонууд хөдлөх, өөрчлөгдөх магадлал өндөр. Үүнийг цогцлоох эрх зүйн орчныг засаг бүрдүүлж, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагч орж ирэх "зам"-ыг засах ажлыг хийнэ гэдгээ хамтарсан засгийн сайд, "Эрдэнэс Монгол"-ыг хариуцах ЗГХЭГ-ын дарга амлалаа.
Н.Учрал сайд аж үйлдвэрийн экосистем бүрдүүлэх “Түүхий эдийн түүхийн төгсгөл” реформыг эхлүүлнэ гэсэн нь зургаан байршилд баригдах үйлдвэрлэл технологийн парк дахин анхаарлын төвд орж, эхний 3 паркийн бүтээн байгуулалт цааснаас бодит амьдрал буулгах их ажил ундрах нь. Эдгээрийг төр ганцаар бүтээн байгуулж, бүрэн цогцлоож чадахгүй. Тийм боломж үгүй. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэлийг хийхийн зэрэгцээ шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулан үйлдвэржилтийн гинжин хэлхээг бий болгоход төр өөрийн үүргээ харуулах юм байна гэсэн хүлээлт үүсэв.
Паркуудаас эхэлж хөдлөх гурван парк нь төв болон хойд бүсийг түшиглэн байгуулагдах юм. Үүнд Эрдэнэт, Дархан, Багануурын үйлдвэрлэл технологийн парк /ҮТП/ багтжээ. Тухайлбал, Эрдэнэт ҮТП-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэлсэн төдийгүй Зэс боловсруулах үйлдвэрийн цогцолборын зураг төсөл, ТЭЗҮ нь бэлэн болж, нарийвчилсан судалгаа нь хийгдчихсэн. Энэ их ажлыг Эрдэнэт үйлдвэр дангаараа хийгээд энэ хүрсэн байна. Засаг дэмжиж, "Эрдэнэс Монгол" зүтгүүлж буй паркуудаас хамгийн хурдан хугацаанд ашиглалтад орох, үр өгөөж нь Үндэсний баялгийн сан буюу Хуримтлалын санг мөнгөжүүлэхэд жин дарах парк бол Эрдэнэт ҮТП юм.
Удаах нь Дарханы ҮТП. Тус паркийн хүрээнд ган боловсруулах үйлдвэрийн цогцолбор баригдах учиртай. Эхний ээлжинд түүхий эдээр тогтвортой хангах төмрийн нойтон баяжуулах, хорголжин үйлдвэрийн ТЭЗҮ, судалгааны ажлууд эрчимтэй хийгдэх аж. Гурав дахь парк бол Багануур. Энд хүрэн нүүрс боловсруулах цогцолбор байгуулагдах юм. Эдгээр нь Н.Учралын сайдын илтгэлд хөндөгдсөн "Аж үйлдвэрийн эко систем"-ийг бүрдүүлэх мөс зүсэх эхний төслүүд байхаар байна.
Монгол Улс уул уурхайн түүхий эдийн дамжлага бааз төдий бус харин нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орох болох боломж, нөхцөлийг зургаан байршилд төлөвлөж буй үйлдвэрлэл технологийн парк дагасан төслүүд ойртуулах юм. Үр дүнд нь Монголын баялаг монгол хүндээ бодитой мэдрэгдэж, өрхийн эдийн засагт орлого болж, айл болгоны амьдралд ажлын байр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх учиртай. Ингэснээр ядуурлын ангалаас аврагдах юм.