Үндэсний статистикийн хорооноос "Аж үйлдвэрийн салбар-2023" тайланг танилцууллаа. Аж үйлдвэрийн салбарт 2023 онд 19.2 мянган ААНБ бүртгэлтэй байгаагаас 8.4 мянган ААНБ буюу 43.6 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААНБ-ын 8.6 хувь нь аж үйлдвэрийн салбарт байна.
Аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын тоо өмнөх оноос 397 ААНБ-аар буюу таван хувиар өсчээ. Үүнд боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын тоо 339 буюу 5.3 хувиар, уул уурхай, олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын тоо 37 буюу 3.4 хувиар, цахилгаан, хий, уур, агааржуулалтын хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ тоо 14 буюу таван хувиар, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ тоо 7 буюу 2.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААНБ-ын 13.5 хувь буюу 1131 нь уул уурхай, олборлолтын салбарт, 3.5 хувь буюу 293 нь цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт, 3.0 хувь буюу 249 нь ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарт байна.