Нам, эвслүүдийн дэвшүүлсэн Хөрөнгө оруулалтын орчны талаарх мөрийн хөтөлбөр
2024.06.22
310
Нам, эвслүүдийн дэвшүүлсэн Хөрөнгө оруулалтын орчны талаарх мөрийн хөтөлбөр

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн "Хөрөнгө оруулалтын орчин"-ы талаарх санал болгож буй МӨРИЙН ХӨТӨЛБӨР-ийг тоймлон хүргэж байна.

Ардчилсан нам

  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан Монгол Улсын нэр хүндийг өсгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлнэ.
  • Экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний бүтээгдэхүүн үйлчилгээний гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  • “Дижитал нүүдэлчин” виз бий болгож, хөрөнгө оруулагч, өндөр чадвартай нарийн мэргэжилтэн зэрэг шаардлага хангасан гадаад улсын иргэдэд онлайн шуурхай виз олгоно.
  • Гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалтын хэмжээг салбар тус бүрээр тодорхойлно.

Монгол Ардын Нам

  • Бизнес эрхлэлтийн индексээр 20 байр урагшилж, бизнесийн орчин сайтай эхний 60 улсын нэг болно.
  • Монгол Улс олон улсаас санхүүжилт босгох чадавхын зэрэглэлийг “BBB” ангилалд хүргэж шат ахиулна (Fitch, S&P аргачлалаар).
  • Нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт үйлчилгээ эрхлэх боломжийг иргэдэд олгоно.
  • Зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, старт-апп компаниуд бойжих нөхцөл бүрдүүлэх үүднээс Монополын эсрэг хуулийг боловсруулж батална. Ингэснээр залуучууд болон жижиг компаниуд шударгаар өрсөлдөх суурийг тавьж, аливаа нэг компани бүх салбарт давамгай байдалтай ноёрхохгүй байх, нийтээр хөгжих орчныг бүрдүүлнэ.
  • Хувийн болон оюуны өмчийг хамгаалах, хөрөнгө оруулагчид өмчлөх эрхээ хуулийн хүрээнд саадгүй хэрэгжүүлэх эрх зүйн орчныг олон улсын сайн жишиг, туршлагад тулгуурлан бий болгоно.
  • Эрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлж, шинэ бүтээл, оюуны өмч, судалгаа шинжилгээ, шинэ технологийг эдийн засгийн эргэлтэд оруулж, салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлнэ.
  • ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалж, хувийн хэвшилд олон улсын зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах боломжийг олгоно.
  • Банк, санхүү, даатгалын салбарын реформыг хэрэгжүүлж зээлийн хүүг бууруулна.
  • Эдийн засгийн өсөлтийг 7-8 хувьд тогтмол хадгалж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэн, арилжааны зээлийн дундаж хүү, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барих бодлого баримтална.
  • Банкны реформыг үргэлжлүүлж, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлснээр банкны хөрөнгө оруулалт, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлнэ.
  • Гадаадын хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг Монгол Улсад эхлүүлснээр зээлийн санхүүгийн эх үүсвэр нэмэгдэж, салбарын өрсөлдөөн нэмэгдсэнээр зээл болон хадгаламжийн хүүгийн зөрүү буурч, иргэд, хувийн хэвшилд олгох зээлийн хүүг бууруулах бодлого баримтална.
  • Хамтын даатгал, урт хугацааны даатгал, дотоодын давхар даатгалыг хөгжүүлнэ.
  • Даатгалын салбарын хууль эрх зүйн реформыг хийж, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулна.

ХҮН нам

  • Худалдаа, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн нэгдсэн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэн, уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, тэдгээрийг татварын болон татварын бус аргаар урамшуулан дэмжинэ.
  • Энэхүү бодлоготой уялдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц хөрөнгө оруулалт татаж чадах таатай орчныг бүрдүүлсэн сайн хууль болгон батлана.
  • Эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайгаас хэт хараат байдлыг бууруулах зорилгоор (а) нэн тэргүүнд дэмжих болон (б) тодорхой хүрээнд дэмжих эдийн засгийн чиглэлүүдийг тодорхойлж, тэдгээрт үзүүлэх татварын болон татварын бус урамшуулал, дэмжлэгийг нэвтрүүлнэ.
  • Худалдаа, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааг идэвхижүүлж, хөрөнгө оруулагчдыг татах, тэдний эрхийг хамгаалах, урамшуулан дэмжих бодитой ажлууд хэрэгжүүлнэ.

Үндэсний эвсэл: 

  • Төсвийн зарлагын тэлэлтийг багасгаснаар мөнгөний бодлогыг уян хатан хэрэгжүүлэх орон зай бий болгож, банкны салбарын тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авна.
  • Нэр хүнд бүхий олон улсын санхүүгийн байгууллага болон түүний салбар нэгжийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлснээр бага урт, хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг хангаж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн мөнгөний зорилтот бодлогоор дамжуулан эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ.
  •  Монгол Улсыг Ази-Номхон далайн бүс нутгийн санхүүгийн төвүүдийн нэг болгох хууль, эрх зүйн орчин бүрдүүлнэ.
  • ДНБ-ий өсөлттэй уялдуулан төсвийн зардалд сахилга батыг хатуу мөрдөж, тогтвортой өсөлтийн зорилтод нийцсэн мөнгөний ухаалаг бодлого хэрэгжүүлнэ.
  • Банк, санхүү, даатгалын салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих, өсөлт, инновацийг бий болгох, өрсөлдөх чадвартай санхүүгийн орчныг бүрдүүлнэ.
  • Гэр бүлийн бизнест зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. 
  • Хот, хөдөөд гэр бүл төвтэй өрхийн бизнес эрхлэх, ургийн бизнесийн суурийг тавих, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн Инкубатор төвийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай уялдуулах, иргэдийн хувь нийлүүлсэн хадгаламж зээлийн хоршоонд бага хүүтэй эх үүсвэр түр байршуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд байгуулна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.