Ардчилсан нам: Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ
2024.06.12
278
Ардчилсан нам: Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам улс орны эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарт дараах мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцож байна. Mining.mn сайт нам, эвслийн уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр санал болгож буй МӨРИЙН ХӨТӨЛБӨР-ийг тоймлон хүргэж байна. 

  • Эрдэс баялгийн салбарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулсан мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоно.
  • Бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлага хангасан зарим нөхөрлөл, хоршоог уул уурхайн олборлолтын аж ахуйн нэгж хэлбэрээр албажуулан хууль бус олборлогчдод тавих төрийн хяналтын тогтолцоог сайжруулна.
  • Геологи, геохими, геофизикийн бүх төрлийн судалгааны ажлыг иж бүрнээр гүйцэтгэх чадавхийг бэхжүүлж, судалгааны арга аргачлал, зааврыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн заавар, аргачлалтай уялдуулан шинэчлэн боловсруулна.
  • Ашигт малтмалын ордын үндсэн болон дагалдах эрдсүүдийг иж бүрнээр ялган авах, үйлдвэрийн хаягдал боловсруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжинэ.
  • Уурхайн үйл ажиллагааны хяналт, нөхөн сэргээлт, хаалтын стандартыг олон улсын жишигт хүргэж, дүйцүүлсэн нөхөн сэргээлтийг ногоон хөгжлийн бодлоготой уялдуулна.
  • Нөхөн сэргээлтийн эрсдэлийн сангийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно.
  • Хариуцлагатай уул уурхайн зарчмын дагуу нөхөн сэргээлт, хаалтын асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж бүрэн хариуцан гүйцэтгэдэг болгоно.
  • Баялгийн шийдвэрт иргэдийн оролцоог хангана.
  • Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гэрээ, хэлэлцээрийг төрийн бүх шатанд байгуулж, үр дүн гаргана.
  • Байгалийн баялгаас орж буй орлого, төсөв, тендерийг иргэдээр хэлэлцүүлдэг тогтолцоог шинэ шатанд гаргана.
  • Газрын тос, нүүрс хими, кокс хими, өнгөт болон хар төмөрлөг, гангийн үйлдвэрийг дагалдах үйлдвэрийн хамт цогцоор нь байгуулна.
  • Инновац, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, дахин боловсруулах болон бүтээлч аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжинэ.
  • Аж үйлдвэрийг дэмжих тусгай сангийн хөрөнгийг дотоод, гадаадын эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.
  • Хүнд аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, концессоор барьж байгуулах хөрөнгө оруулалтыг татвар, санхүүгийн бодлогоор дэмжинэ.
    Боловсруулах үйлдвэрүүдэд шаардлагатай эрчим хүч, ус, зам, тээврийн дэд бүтцүүдийг эхний ээлжид бий болгоно.
  • Аж үйлдвэрийн салбарт судалгаа хөгжлийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс урамшуулах зохицуулалтыг бий болгоно.
  • Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих, гадаад улс орнуудын технологийн дэвшлийг ашиглах, нутагшуулах замаар болон өөрийн орны нөөц, чадавхи, онцлогт тулгуурлан хөгжүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлийг тодорхойлж, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
    Аж үйлдвэрийн бүх салбарыг экспортын чиг баримжаатай болгоно.
  • Газрын тос олборлогч орноос шатахуун үйлдвэрлэгч орон болно. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад оруулснаар дотоодын шатахууны хэрэгцээг бүрэн хангана.
  • Шатахуун импортлох бусад эх үүсвэрийг бүрдүүлж, шатахууны хараат байдлаас гарна.
    Баруун болон Зүүн бүсэд жижиг оврын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг барьж, ашиглалтад оруулах, тус үйлдвэрүүдийн завсрын бүтээгдэхүүнээр авто замын битумын үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт санал, санаачилгыг дэмжинэ.
  • Зэсийн баяжмал, алт, мөнгө хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, зэс болон хайлш бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулахыг дэмжинэ.
  • Дархан-Уул, Дорноговь аймагт төмрийн хүдэр боловсруулж, хорголж, ширэм үйлдвэрлэж, экспортод гаргах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санал, санаачилгыг дэмжинэ.
  • Одоо ашиглаж байгаа болон ашиглахад бэлэн байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, цементийн үйлдвэрүүдийг түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс гүн боловсруулах, кокс, хагас кокс, бүх төрлийн шатахуун үйлдвэрлэх болон химийн үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлнэ.
    Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг тусгайлсан бодлогоор дэмжиж, хэрэгжүүлнэ.
  • Эрдэс баялгийн гүн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг эрчимжүүлнэ.
  • Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ. 
    Баялгийн сан
  • Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг улс төрөөс хараат бус, мэргэжлийн багаар удирдуулан олон улсын болон дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт хийж, өсгөдөг тогтолцоог бүрдүүлнэ.
  • Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүнд хойч үеийнхэний хөгжлийн баталгаа болох Ирээдүйн өв санг байгуулна.
  • Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг үр ашигтай хөрөнгө оруулалтад байршуулан өгөөж хүртэх ба аль ч сангийн эх үүсвэрийн тодорхой хувиас хэтрэхгүй хэсгийг дотоодын эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох салбарт хөрөнгө оруулна.
  • Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсвийн орлогоос тусгаарлаж, үндэсний баялгийн санд хуримтлуулна. 
  • Үндэсний баялгийн санг төсвийн алдагдал болон улс төрийн амлалтад зориулан зарцуулахыг хуулиар хориглож, хуримтлуулна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.