Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 12 дахь жилдээ "Аймгуудын өрсөлдөх чадвар тайлан 2023"-г танилцууллаа. Аймгуудын өрсөлдөх чадварыг Эдийн засгийн тамир тэнхээ, Бизнесийн орчин, Засаглалын үр ашиг, Дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог.
Судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох, давуу, сул тал, өөрчлөлтийг хэмжихэд ордог. Судалгааны эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг.
2023 оны "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг тэргүүлж, Говь-Алтай, Завхан, Дундговь дахин сүүл мушгив. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Дорноговь аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Засаглалын үр ашиг болон Дэд бүтцээр Орхон аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 66.6 болж өнгөрсөн жилээс 1.6 оноогоор өслөө. Мөн бизнесийн үр ашиг үндсэн бүлэг 17 оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг 8 оноо, засаглалын үр ашиг үндсэн бүлэг 10 оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 4 оноогоор тус тус өсөв.
Аймаг тус бүрээр нь харвал 21 аймгаас 12 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн жилээс өссөн бол 9 аймгийн оноо буурсан байна. Төв аймаг 13 оноо, Ховд аймаг 12 оноо, Баян-Өлгий аймаг 10 оноо, Дархан-Уул аймаг 9 оноогоор өссөн нь өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо хамгийн ихээр ахиулсан үзүүлэлт юм. Говь-Алтай аймаг 12 оноо, Завхан аймаг 9 оноогоор буурсан нь өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан үзүүлэлт юм.
Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал: