"Эрдэнэс Монгол" нэгдэл валютын нөөцийн 70 хувийг бүрдүүлжээ
"Эрдэнэс Монгол" нэгдэл валютын нөөцийн 70 хувийг бүрдүүлжээ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжид өөрчлөлт, шинэчлэл сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрхэн өрнөсөн, ямар үр дүнгүүд гарч эхэлсэн талаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын бизнесийн өсөлтийг чухалчлан, ашиг орлого, бүтээмжийг нэмэгдүүлэх, өр зээлийн дарамтаас богино хугацаанд гарах, үр ашиггүй зардлыг бууруулахад “Эрдэнэс Монгол”-ын бодлого энэ хугацаанд чиглэжээ.

Эргэн сануулахад, хоёр жилийн өмнө гадаад валютын албан нөөц эрс дундарч, валютын орлого огцом буурсан. Энэ нь улсын эдийн засаг, гадаад худалдаа, түүний төлбөр тооцоо, иргэдийн хэрэглээнд шууд нөлөөлж эхэлсэн юм. Тэр үед компаниуд гадаад төлбөр тооцоо хийхийн тулд Монголбанк руу хандаж, урт дараалал үүсэж байлаа. Иргэд гадагшаа явахын тулд валют солиулна гэдэг тун ярвигтай болж эхэлсэн. Өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют солиулах нөхцөл байдалтай нүүр тулсан. Энэ нь валютын нөөцийг голлон бүрдүүлэх төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагаа доголдсон, хэвийн бус болсноос үүдэлтэй гэж Засгийн газар дүгнэж, тухайн үед 362-дугаар тогтоолыг гаргаж байлаа.

Энэхүү тогтоолын дагуу төрийн өмчит уул уурхай компаниудын үндсэн үйл ажиллагааг сайжруулах, тэр хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас БЭТ томилогдож, “Эрдэнэс Монгол”-ын одоогийн удирдлагын баг бүрдсэн. Компаниудад валютын нөөц бүрдүүлэх, орлогоо нэмэгдүүлэх тодорхой хугацаатай үүрэг, даалгавар өгч байлаа. 362-дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүнд улсын валютын албан нөөц 5.6 тэрбум ам.долларт хүрч, үүний 70 хувь буюу 3.4 тэрбум ам.долларыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд дангаар бүрдүүлсэн байна.

"Экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулснаар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлж, дээрх худалдаа, эдийн засгийн хүндрэл арилсан" гэдгийг “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Наранцогт уулзалтын эхэнд онцлов. Нүүрс тээврийн экспортын гол замаар 2022 онд 16.7 сая тонн, 2023 онд 38.3 сая тонн нүүрс "Эрдэнэс Монгол"-ын харьяа авто замаар тээвэрлэсэн байна.

Гашуунсухайт авто замын хөрөнгө оруулалтыг 2023 онд 4.5 дахин нэмэгдүүлжээ. Ингэснээр нэвтрэлтийн хугацаа 10 дахин буурсан бол машин нэвтрүүлэх хүчин чадал 8 дахин нэмэгдсэн байна. Нүүрс тээвэр эдгээрийн үр дүнд 2.3 дахин өссөн бол нүүрсний экспорт 2.4 дахин нэмэгджээ. 

Нэгдлийн хэмжээнд өрийн удирдлагыг хэрэгжүүлсэнээр 394 тэрбум төгрөг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд 200 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулсан байна. Засаглалын хувьд 11 компанийн ТУЗ-ийг татан буулгаж, 269 ТУЗ-ийн гишүүнийг 66 болгон цөөрүүлж, хараат бус гишүүдийн тоо 30 хувь байсныг 49 хувь болгож нэмэгдүүлжээ.

"Эрдэнэс Монгол" нэгдэл 2024-2028 онд баримтлах дунд хугацааны стратегийг боловсруулж ТУЗ-өөр батлуулан, үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах 6 байршлыг тодрхойлж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь тус нэгдлийн "замын зураг" юм. Ирэх дөрвөн жилд нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө үр дүнгээ өгөх учиртай. 

"Эрдэнэс Монгол" нэгдэл нь санхүүгийн нэгдсэн удирдлагыг оновчтой зохион байгуулж, төсвийн сахилга батыг сайжруулснаар 2023 онд борлуулалтын орлого 14.9 их наяд төгрөг буюу өмнөх оноос 3.6 дахин, цэвэр ашиг 4.5 их наяд буюу өмнөх оноос 3.7 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 4,4 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь 1.8 дахин өссөн үзүүлэлт болж, санхүүгийн үзүүлэлтээр түүхэн жишиг тогтоогоод байна.

Уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын 62.9 хувийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн компаниуд бүрдүүлж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.