АХБ уур амьсгалын үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилтийн дүнгээр түүхэн дээд амжилт тогтоов
АХБ уур амьсгалын үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилтийн дүнгээр түүхэн дээд амжилт тогтоов

Азийн Хөгжлийн Банк (АХБ) тогтвортой хөгжилд чиглэсэн Ази, Номхон далайн бүс нутгийн ахиц дэвшлийг дэмжих зорилгоор 2023 онд өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс 23.6 тэрбум ам.доллар, үүний дотор уур амьсгалын үйл ажиллагаанд 9.8 тэрбум ам.долларыг баталжээ. Өнөөдөр нийтлэгдсэн 2023 оны жилийн тайландаа АХБ өөрийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнг тайлагнасны дотор эдгээр тоо баримт багтжээ.

Тус тайланд АХБ хөгжиж буй гишүүн орнууддаа уур амьсгалын улам хурцдаж буй хямрал, түүнчлэн улс хоорондын мөргөлдөөн, хүнсний аюулгүй байдал, нэмэгдсэн өрийн дарамт болон бусад сорилтуудын сөрөг нөлөөг даван туулахад нь хэрхэн дэмжлэг үзүүлснийг тоймлон танилцуулсан байна.

“АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн уур амьсгалын банкны хувиар илүү ихийг хийж, нэг жилд уур амьсгалын үйл ажиллагаанд зориулсан санхүүжилтийн дүнгээрээ түүхэн дээд амжилт тогтоолоо” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацүгү Асакава хэлээд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт маань уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарал багатай тээвэрт ихээхэн анхаарал хандуулсан” хэмээн онцлон тэмдэглэв.

АХБ-ны өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс баталсан 23.6 тэрбум ам.долларын үйл ажиллагаанд гишүүн орнуудын Засгийн газар болон хувийн хэвшилд олгосон зээл, буцалтгүй тусламж, хувьцааны хөрөнгө оруулалт, баталгаа, техникийн туслалцаа багтсан.

Мөн АХБ өөрийн нөөц бололцоогоо нэмэгдүүлэн, хамтран ажилладаг хөгжлийн түншүүдээс нэмэлтээр 16.4 тэрбум ам.долларын хамтын санхүүжилтийг босгосон байна.

АХБ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжлийг цогцлооход шаардлагатай сайн чанарын эрчим хүч, тээвэр болон бусад дэд бүтцийг байгуулахад зарцуулжээ. Мөн боловсрол, эрүүл мэндийг илүүтэй дэмжих замаар бүс нутгийн хүний нөөц баялгийг улам бэхжүүлсэн байна.

Жендэрийн тэгш бус байдлыг арилгах нь АХБ-ны үйл ажиллагааны тулгын чулуу хэвээр байсан бөгөөд 2023 онд батлагдсан бараг бүх төсөл, хөтөлбөр нь тэнцвэрт бус байдлыг бууруулахад хувь нэмэр оруулсны дотор уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх хүйсийн тэнцвэргүй байдлын нөлөөллийг бууруулахад үзүүлсэн дэмжлэг мөн багтаж байгаа юм.

Тус тайланд АХБ Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх чиглэлээр бүс нутгийн гаргаж буй ахиц дэвшлийг хурдасгах үүднээс хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг өгүүлсэн. АХБ 2023 онд хөрөнгийн удирдлагын томоохон шинэчлэл хийснээр ирэх арван жилд Ази, Номхон далайн орнуудын хөгжлийг дэмжих 100 тэрбум ам.долларын шинэ эх үүсвэрийг нээж, банкны ирээдүйн зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн байна. Мөн 2023 онд банкны үйлчлүүлэгчиддээ хүрэх арга барилаа сайжруулах зорилгоор дотоод үйл ажиллагааны шинэ загвар нэвтрүүлж эхэлсэн юм.

Ноён Асакава “Манай дотоод үйл ажиллагааны шинэ загвар нь АХБ-нд хөгжиж буй гишүүн орнуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, илүү сайн, илүү хурдан дэмжлэг үзүүлэхэд түлхэц болох чухал өөрчлөлтүүдийг хийх боломжийг олгосон” хэмээн тэмдэглэв. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.