Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Төв банк 2024 оны эдийн засгийн төсөөллөө бууруулж, энэ оны ДНБ-ий өсөлтийг 3.8 хувь гэж таамаглав. Үүнд, хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй зудын эрсдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Цаашид ч эдийн засгийн төсөөллөө бууруулж болзошгүй гэв.
Эдийн засаг энэ онд 3.8 хувиар өсөхөд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлэхээр байна. 2023 онд эдийн засаг 7 хувиар өссөн.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн сард хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 12 хувь болгосон. Мөн малчдын эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг гаргасан.
Улсын хэмжээнд инфляц 7 хувь байна. Цаашид эдийн засагт ирж болзошгүй инфляцын дарамт өндөр хэвээр байгааг төв банк энэ удаа дурдлаа.