Монголын эдийн засгийн 2024 оны төлөвийг АХБ танилцуулна
Монголын эдийн засгийн 2024 оны төлөвийг АХБ танилцуулна
Азийн хөгжлийн банк ирэх 7 хоногт "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангаа танилцуулах гэж байна. Тодруулбал, тайлангийн хурал 2024 оны 4 дүгээр сарын 11-нд урьдчилсан байдлаар товлогджээ. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн /ДНБ/ төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан танилцуулах юм. 
 
"Азийн хөгжлийн төлөв" тайлан нь бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хөгжлийг тодорхойлж, ДНБ-ий тухайн жил болон ирэх оны төлөвийг урьдчилан таамаглаж ирсэн.
 
Өмнөх тайланд АХБ-ны зүгээс манай улсын эдийн засгийн өсөлт 2024 онд тогтвортой, хэвээр хадгалагдахаар байгааг онцолж байсан. Тэр тусмаа 2024 оны ДНБ-ий өсөлтийн цөм хэсгийг уул уурхайн салбарын шууд болон шууд бус эерэг нөлөө бүрдүүлнэ гэж төсөөлж байв.
 
Эдийн засгийн энэхүү эерэг төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд нь БНХАУ-ын түүхий эдийн эрэлт буурах, нүүрс, металлын үнэ ханш сулрах, худалдааны шинэ хязгаарлалт бий болох, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан гадаад худалдааны тасалдал үүсэх зэрэг сөрөг үр дагавруудыг нэрлэсэн юм. 
 
АХБ нь1966 онд байгуулагдсан бөгөөд тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь Ази, Номхон далайн бүс нутагт хамаарч байна.

 

 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.