Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсэг өнөөдрөөс 24 цагаар ажиллаж эхэлнэ
Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсэг өнөөдрөөс 24 цагаар ажиллаж эхэлнэ

Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг нэвтрүүлдэг Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсэг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжиж, байнгын үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Ачаа тээврийн хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл 24 цагаар ажиллах юм. 

Замын-Үүд боомтын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх бүтээн байгуулалтын үр дүнд Зорчигч тээврийн хэсэгт 30, Ачаа тээврийн хэсэгт 28 барилга, дэд бүтцийн цогц байгуулалт хийгдсэн. 

Ачаа тээврийн цогцолборын хүрээнд нийт 14.9 га талбайд барилга байгууламж баригдаж, ариутгах татуурга бүхий инженерийн дэд бүтцийн ажил, автозам талбай, явган зам, ногоон байгууламж бүхий 10.5 га талбай бүхий бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэж ачаа тээврийн цогцолборын барилга угсралтын ажил дууссан гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээлсэн.

Ачаа тээврийн хэсэг ашиглалтад орсноор том оврын ачаа тээврийн импортын нэвтрүүлэх хүчин чадал урьд 3 эгнээ байсан бол 23 эгнээ болж, 7.7 дахин, экспортын нэвтрүүлэх хүчин чадал өмнө нь 2 эгнээ байсан бол 5 эгнээ болж, 2.5 дахин өссөн бөгөөд том оврын 1200 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болсон байна.

Монгол, Хятадын хооронд хийж байгаа худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын зорилтын хүрээнд Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгохоор талууд 32 жилийн дараа ийнхүү тохиролцсон нь өнөөдрөөс бодит ажил болж эхэлж байна. 

Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох  хүсэлтийг БНХАУ-д 1992 оноос хойш байнга тавьж ирсэн юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.