ТОМИЛОЛТ: Экспортын тээвэрлэлтэд үүссэн саатал, хүндрэлийг арилгах асуудлыг хэлэлцэж байна
3 Цагийн өмнө
62
ТОМИЛОЛТ: Экспортын тээвэрлэлтэд үүссэн саатал, хүндрэлийг арилгах асуудлыг хэлэлцэж байна

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хилийн боомтуудын экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, хилийн боомтын ачаалал, тээврийн хэрэгслийн хүлээгдэл саатлыг бууруулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр албан томилолттой ажиллаж байна.

Зам, тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр (2026.11.04) БНХАУ-ын Бээжин хотноо “Чайна Энержи” группийн Туслах ерөнхий захирал, Монгол Улстай хэрэгжүүлэх эрчим хүчний хамтын ажиллагааны ажлын хэсгийн дарга Кан Фөнвэйтэй уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсний экспортын тээвэрлэлтэд үүссэн саатал, хүндрэлийг арилгах, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт болон хамтын ажиллагааны бусад асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Гашуунсухайт авто замын боомтоор 2026 оны 11 дүгээр сарын байдлаар оны эхнээс өссөн дүнгээр 36.9 сая тонн нүүрс, 1.7 сая тонн зэсийн баяжмал экспортолсныг танилцууллаа.

Мөн 2026 оны наймдугаар сараас эхлэн нүүрсний экспортын тээвэрлэлт эрс буурч, өмнө нь өдөрт дунджаар 1300-1500 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байсан бол 500-800 болж багассаныг онцоллоо.

Энэхүү нөхцөл байдал нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2026 онд “Чайна Энержи” группт нийлүүлэхээр тохиролцсон нүүрсний татан авалтад хүндрэл учруулж, Монголын талаас үл хамаарах шалтгаанаар гэрээний хэрэгжилтэд эрсдэл үүсгэж байгааг сайд Б.Дэлгэрсайхан онцлон тэмдэглэв.

Түүнчлэн нүүрсний экспортын тээвэрлэлтийн саатал нь Монгол Улсын экспортын орлого, хоёр улсын худалдааны эргэлтэд сөргөөр нөлөөлж байгааг онцолж, үүссэн хүндрэл, бэрхшээл, хүлээгдэл саатлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатайг илэрхийллээ.

Үүнтэй холбогдуулан “Чайна Энержи” группийн зүгээс Монголын талын хил дээр хуримтлагдсан нүүрс тээврийн чингэлгүүдийг шуурхай татан авах, нөхцөл байдлыг БНХАУ-ын холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжлах, орон нутгийн захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах замаар тээвэрлэлтийн хүндрэлийг шийдвэрлэхэд өөрийн эрх хэмжээний хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцыг хэлэлцэж, хоёр улсын төр засгийн дэмжлэг, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд төслийн хэрэгжилт эрчимжиж, бодит ахиц гарч байгааг онцоллоо.

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор хоёр улсын экспорт, импортын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой шинэ гарц бий болно гэдэгт талууд санал нэгдлээ.

Мөн хил дамнасан төмөр замын тээвэрлэлтийг зохион байгуулахдаа Засгийн газар хоорондын урт хугацааны гэрээний хүрээнд “Чайна Энержи” группт нийлүүлэх нүүрснээс гадна бусад худалдан авагч, аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн боломжийг хангах, урт хугацааны гэрээ болон биржийн арилжааны тэнцвэртэй, зохистой харилцааг хадгалах шаардлагатайг харилцан хүлээн зөвшөөрөв.

Түүнчлэн төмөр замын төлөвлөсөн хүчин чадалтай уялдуулан хилийн боомт болон уурхайн бүсийн ачилт, буулгалт, шилжүүлэн ачилтын байгууламжуудын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хоёр тал тус тусын чиг үүргийн хүрээнд эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Эх сурвалж: Зам, тээврийн яам

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.