БАРАА СААТАХГҮЙ, БАРИЛГА ЗОГСОХГҮЙ
БАРАА СААТАХГҮЙ, БАРИЛГА ЗОГСОХГҮЙ
Монголын эдийн засаг, бизнесийн орчин идэвхжих цаг айсуй. Том төслүүд эхэлж, барилга, зам гүүрийн ажил ар араасаа ундрах, хот хөдөөгүй бүтээн байгуулалт руу санаа тавих завгүй өдрүүд ирж байна...

-ИНФЛЯЦЫГ ЭМЧЛЭХ АЛХАМ-

Монголын эдийн засаг, бизнесийн орчин идэвхжих цаг айсуй. Том төслүүд эхэлж, барилга, зам гүүрийн ажил ар араасаа ундрах, хот хөдөөгүй бүтээн байгуулалт руу санаа тавих завгүй өдрүүд ирж байна. Өвлийн хатуу хахир хүйтэн ард хоцорч, урдаас тосох хэсэг хугацаанд л төр, хувийн хэвшил, иргэд төлөвсөн бүхнээ амжуулах, барих, эхлүүлэх, дуусгах гэж чармайх нь улам ч тэвдүүлнэ. Угаас энэ цаг үе нь давчуу, нэг л мэдэхэд намрын сэрүү орж, цасан хялмаа нөмрөөд ирдэг. Тиймээс монголчууд дөрөвдүгээр сартай уралдан барилга, бүтээн байгуулалтын талбайд гардаг. 

Байшин саваа засварлах эсвэл шинээр босгох, үйлдвэр барих ажилд хөрөнгө хүч хаядаг. Энэ мөчөөс эхлэн бараа, материал дутагдах, саатах, хугацаа алдах, сул зогсох зэрэг хүсээгүй бэрхшээл, сорилт тулгардаг. Өмнөх он жилүүдэд ийм зовлонг бид илүүтэй мэдэрсэн, тэр тусмаа ковидын жилүүдэд үүнийг бэрхийг улсаараа амссан. Үр дагавар нь үнийн өсөлт болж өрх айлын амьжиргаанд ч, өөрийн чадлаар зүтгэх бизнес эрхлэгчдэд ч том дарамт, төлөвлөөгүй зардал болж буусан.

Бизнес эрхлэгчдэд нийтлэг тулгардаг бэрхшээл бол тээвэр логистик, хилийн боомтуудын дэд бүтэц, нэвтрүүлэх чадвар, эдгээрт нэвчсэн хүнд суртлууд. Үүнийг шийдвэрлэх нь "Боомтын сэргэлт"-ийн гол үндсэн ажил байсан. МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран хийсэн "Монголын бизнесийн орчин-2023" судалгааны дүгнэлтээс харахад, Монгол Улсад гадаад худалдаа эрхлэхэд учирдаг хүндрэлд дотоод, гадаад тээврийн нөхцөл байдал, боомтын нэвтрүүлэх чадвар, тээвэрлэлтийн зардал их, хугацаа урт гэдгийг бизнес эрхлэгчид, оролцогчид эхэнд нь нэрлэжээ. Энэ нь аж ахуйн нэгжид зардал, айл гэрт үнийн өсөлт болж, нийлүүлэлтийн гаралтай инфляцын үндэс суурь болдог байна. 

Үнэ өсөх нь цаагуураа инфляц болж, төсөв, мөнгөний бодлогын орон зайг хумидаг. Тэр тусмаа төв банк бодлогын хүүгээ өсгөх замаар буюу мөнгөний хатуу бодлогоор инфляцтай "тулалддаг". Үүний сул тал гэвэл арилжааны банкны зээлийн олдоц эрс багасах, зээлийн хүү нэмэгдэх сөрөг нөлөөг авчирдаг. Нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамт эндээс л улбаатай.

Хил дээр бараа, таваар саатах, тэнд хилээр нэвтрэх гэж удах тусмаа л хоног хугацааны алдагдал нь инфляц болж, хэрэглэгчийн гар дээр үнэ өөрчлөгдөж ирэх нь түгээмэл. Ковидын өмнө ч энэ асуудал байхгүй биш байлаа. Ачаа бараагаа сураглах, эсвэл хил дээр хэд хоногоор саатах, удаашрах нь ердийн гэмээр үзэгдэл байв. Тэгвэл энэ бүхнийг арилгах, асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалт угтсан бараа таваарын түгжрэл гэнэт ихээр үүсэхээс сэргийлэх, тасралтгүй нийлүүлэх, үнэ тогтвортой байх, эхэлсэн төслүүд саатахгүй үргэлжлэх чухал хэлэлцээрт Монгол, Хятад хоёр улс санаа нэгдлээ. Энэ нь Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг 2024 оны 4 сарын 01-ний өдрөөс 24 цагийн горимд шилжүүлэх, байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг хоёр улс төр засгийн өндөр түвшинд албажууллаа. 

Гадаад худалдаанд онцгой үүрэгтэй, тэр тусмаа манай улсын импортын бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг дангаар нэвтрүүлэх Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалттай 3 сарын 24-ний өдөр танилцсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боомтын сэргэлтийг онцлохтой зэрэгцэн Замын-Үүд 24 цагийн үйл ажиллагаатай болж байгааг цохон тэмдэглэсэн юм. Түүний тэргүүлсэн Засгийн газрын хувьд онцлох ажил энэ болох биз ээ.

Ерөнхий сайд боомтын зангилаа тайлагдах нь эдийн засагт ч, улс орны хөгжилд ч, бүс нутаг, боомт дагасан чөлөөт бүсийн ирээдүйд ч, арилжаа наймаа эрхлэх ард иргэдэд ч, ажлын байр бий болгож, татвар төвлөрүүлэх аж ахуйн нэгжүүдэд ч эерэг, үр нөлөөтэй гэдгийг хэлнэ лээ. Урьдын зовлон ул болох нааштай мэдээ бизнест ч, өрх гэр, улсын төсөвт ч ачаа хөнгөлөх нь дамжиггүй.

БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн байнгын ажиллагаатай болж, энэхүү удаан хугацааны турш үргэлжилсэн яриа хэлэлцээ хоёр улсын гадаад худалдаа, бүс нутгийн эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд ч ашиг тусаа өгнө гэдгийг бататган хэлж байлаа. Шинэхэн Элчин сайд өөрийн биеэр зорин ирж, Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтээр дээрх шийдвэрийг ирсэн зочид, тээвэрчид, орон нутгийн иргэд, хил, гааль, боомтынхонд дуулгасан юм. Эндээс харахад, өмнөд хөрш ч ихээхэн ач холбогдол өгч байгаа нь илэрхий ажээ. 

Замын-Үүд боомтыг байнгын ажиллагаатай буюу 24 цагийн горимд шилжүүлэх яриа хэлэлцээ нь олон сайд, олон Засгийн газрын нүүр үзсэн сэдэв. Үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны зорилт, намуудын мөрийн хөтөлбөрт ч байр сууриа эзэлдэг байлаа. Гэвч ажил болж, амьдралд буусан нь үгүй. Харин одоо эртний зорилт 32 жилийн дараа биеллээ олж байна. 

Монгол Улсад анх удаа Замын-Үүд боомт 24 цагийн үйл ажиллагаатай болж байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэ, урсгал тогтворжих, эргэлт сайжрах, гадаад худалдаа нэмэгдэх, транзит тээврээс олох манай улсын ашиг ч нэмэгдэх шууд болон шууд бус нөлөө нь их юм. Учир нь манай улс руу орж ирэх импортын бараа, бүтээгдэхүүний дийлэнх хувийг Замын-Үүд боомтоор нэвтрүүлж, дотоодын эдийн засаг, бизнес том хамаарал, гол коридор нь болж байна. 

Монгол Улс 1992 оноос л өмнөд хөрш болон дэлхийн худалдаа, эдийн засагтай харилцах стратеги болсон боомтоо байнгын үйл ажиллагаатай болгох санал удаа дараа Хятадын талд тавьж ирсэн түүхтэй. Нэг ёсондоо чөлөөт зах зээлийн харилцаанд шилжсэн цагаасаа л энэ тухай албан айлчлал, томоохон уулзалт, хэлэлцээрт хөндөж, хөршийн талд ярьж иржээ. Худалдааг нэмэгдүүлэх, боомтын орц, гарцыг сайжруулах агуулга эндээс том зургаараа уншигдана. 

Манай талын хүсэлтийг төдийлөн дэмжихгүй, хойшлуулсаар, бид ч уйгайгүй асуудлаа гаргаж тависаар хоёр тал ийнхүү тохиролцож чадлаа. Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх ойрын зорилт бий. Үүнийг ажил болгоход хоёр орны хичээл зүтгэл, хүчин чармайлт нэн чухал. Тиймээс Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг 24 цагийн горимд шилжүүлж байгаа нь зөвхөн манай улсын дан ганц хүсэлт ч бус, өмнөд хөршийн ашиг сонирхолтой ч уулзаж байгаа юм. Нэг ёсондоо, огтлолцож байна гэсэн үг. 

Замын-Үүд-Эрээн боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох нь үр ашигтай эсэх талаар тодорхой судалгаа хийгдэж, туршилтын ажлууд 2023 онд хэсэг хугацаанд үргэлжилсэн. Эндээс хоёр тал нааштай үр дүн хүлээсэн нь талаар болсонгүй. Улмаар хоёр улсын Засгийн газрын түвшинд хүрч, олон нийт рүү албан ёсоор зарлаж байгаа нь энэ. Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Монгол Улсын сайд Б.Тулгын ажил хүлээж авсан цагаасаа хойш илүүтэй ярьж, зүтгүүлж, тайлбарлаж, удаа дараа хэлэлцээрийн ширээнд суусны үр дүн ч ийнхүү гарч ирж байна. 

Өмнөд хөршийн 315 боомтоос тасралтгүй үйл ажиллагаатай хоёр дахь боомт нь Эрээн болж байгаа бол Монгол Улсын хувьд Замын-Үүд анхны боомтоор бүртгэгдэж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсэг ирэх сараас 24 цагийн байнгын үйл ажиллагаатай болж байгаа нь боомтын сэргэлтийн бодит үр дүн болж, гадаад худалдаа тойрсон хүндрэл, бэрхшээлд баяртай гэж итгэл төгс хэлэх тэр мөч ойртон буйг тодоор зарлалаа. Энэхүү шийдвэр нь бизнест, эдийн засагт эрч нэмэх, худалдаа хурдсах алхам гэдгийг хувийн хэвшлийн "дуу хоолой" болсон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин дүгнэсэн юм. 

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.