Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
3 Цагийн өмнө
101
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Азийн хөгжлийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн барилгажилт, шинэ хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх дулааны хэрэгцээг хангах, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
 
Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэнд “Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан болон бусад туслах байгууламжийн угсралтын ажил үргэлжилж байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” ХХК-ийн 150 инженер, техникийн ажилтан ажиллаж байна” гэв.
 
Дамбадаржаа дулааны станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн 5000 орчим өрхийг найдвартай дулаанаар хангах боломж бүрдэх юм.
 
Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой. “Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барьж буй 77 блок барилгын ажил дууссаны дараа шинэ хэрэглэгчдийг дулаан хангамжийн системд холбох нөхцөл бүрдэх юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.