Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны ажлын хэсгийнхэн Ховд аймагт барьж буй 19.8 МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлын явцтай өнөөдөр (2026.09.11) танилцлаа. Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Ховд аймагт Мянгад нарны цахилгаан станц барьж байгаа юм.
19.8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 4 МВт/10 МВт.ц цэнэг хуримтлуурын системийг ирэх арванхоёрдугаар сарын 15 гэхэд нэгдсэн сүлжээнд залгахаар ажиллаж байгааг Эрчим хүчний салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дэд зохицуулагч М.Наранбат хэлэв.
Өдгөө барилга угсралтын ажлын гүйцэтгэл 35 орчим хувьд хүрээд байна.
Энэхүү төслийн санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын стратегийн сан бөгөөд гүйцэтгэлийг БНХАУ-ын “Zongtian photovoltaic technology”, “Jiangsu Zhongtian technology” компанийн түншлэл хариуцаж байгаа юм.
Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд ОХУ-аас 2024 онд 229.8 сая кВт.ц, өнгөрсөн жил 264.5 сая кВт.ц эрчим хүч импортолсон дүн бий.
Жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх Мянгад нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар импортыг 17 орчим хувиар бууруулж, жилд хоёр сая ам.доллар хэмнэх боломж бүрдэнэ. Дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нэмэгдсэнээр найдвартай байдал нэмэгдэх ач холбогдолтой.