З.Мэндсайхан: Эрчим хүчний салбарт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
14 Цагийн өмнө
111
З.Мэндсайхан: Эрчим хүчний салбарт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Сангийн сайд З.Мэндсайхан Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын "Өглөөний уулзалт"-ын зочноор оролцож, 2027 оны төсвийн төслөө танилцууллаа. Ирэх жилийн төсвийн зарлага 43.5 их наяд төгрөг бол тэнцвэржүүлсэн орлогыг 41.2 их наядаар тооцоолжээ.

Эрчим хүчний салбарт 2027 онд 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан онцоллоо.

Тэрбээр, "Монгол Улсын эдийн засгийн дараагийн өсөлтийн хамгийн том хязгаарлагч хүчин зүйл нь эрчим хүч болж байна. Өмнө нь энэ салбарт хангалттай хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс эх үүсвэр төдийгүй дамжуулах, түгээх сүлжээний найдвартай байдал асуудалтай болсон. 2027 онд эрчим хүчний салбарт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Улаанбаатарын дулаан хангамж, ДЦС-4-ийн шинэчлэл, ДЦС-3, ДЦС-5 болон орон нутгийн дулааны эх үүсвэр, дамжуулах шугамуудыг цогцоор нь авч үзэж байгаа. Энд зөвхөн “хэдэн мегаватт шинээр үйлдвэрлэх вэ” гэдэг асуудал биш. Системийн найдвартай байдал ч чухал. Нэг цэгт осол гарахад бүхэл бүтэн хэсэг цахилгаангүй болдог тогтолцоог өөрчилж, гэмтэл гарсан хэсгийг тусгаарлаад бусад хэрэглэгч хэвийн ажилладаг систем рүү шилжих ёстой. Эрчим хүчний салбарынхны тооцоогоор төлөвлөөгүй нэг удаагийн тасалдал ч аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний хохирол учруулдаг. Тиймээс цахилгаан станц барихын зэрэгцээ дамжуулах сүлжээ, системийн найдвартай байдалд хөрөнгө оруулах шаардлагатай" гэв. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.