“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
"Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум"-ыг өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрчим хүчний яам, Сөүлийн Үндэсний их сургуулийн Солонгос-Монголын хот байгуулалтын хамтын ажиллагааны төв, Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо хамтран зохион байгууллаа. “Бодлого, технологи, төлөвлөлтийг уялдуулж, эрчим хүчний хэмнэлттэй Улаанбаатарыг цогцлооё" уриатай тус форумд Монгол, Солонгосын бодлого боловсруулагч, судлаач, мэргэжилтнүүд оролцов.
Форумын үеэр Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, БНСУ-ын барилгын салбарын нүүрстөрөгчийн саармагжилтын бодлого, дулаан алдагдлыг бууруулах, дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах чиглэлээр илтгэл танилцууллаа. Түүнчлэн Монголын эрс хүйтэн уур амьсгалд тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хорооллыг төлөвлөх, хөгжүүлэх стратегийг БНСУ-ын туршлагад тулгуурлан Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр “БНСУ-ын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачидтай хамтран эрчим хүчний форумыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын айл өрхүүдийн халаалтыг есдүгээр сарын 15, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг аравдугаар сарын 1-нд залгаж, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаж байна. Нийслэл хотын эрчим хүч, төвлөрсөн дулааны хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, хүчин чадал дутагдаж байгаа энэ үед хөгжингүй орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор энэхүү форумыг зохион байгуулж байгаа юм. Форумд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерчлэлийн байгууллагууд мөн оролцож байна. Улаанбаатар хотыг эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай төвлөрсөн системд холбож, шинэ санаа, шийдэл гаргах чиглэлээр харилцан туршлага солилцож, санал бодлоо хуваалцлаа” гэв.
Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Ли Ин Гюн “Эрчим хүчний бодлого тухайн хотын тогтвортой оршин тогтнох, хөгжих суурь нөхцөлтэй шууд холбоотой. БНСУ болон Европын орнуудад хот төлөвлөхдөө эрчим хүч, дулаан, холбоо дохиолол зэрэг дэд бүтцийг цогцоор төлөвлөдөг. Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай учраас эрчим хүчний салбарын шинэ техник, технологийн дэвшил болон системчилсэн нэгдмэл байдал тогтвортой хөгжих тулгуур багана болно” гэлээ.