Монгол Улсын Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлж байна. Тус бодлогын хүрээнд хөгжлийг хязгаарлагч 6 хүчин зүйлийг тодорхойлсон. Үүний нэг нь "Боомтын сэргэлт".
Боомтыг хөгжүүлэх шийдлүүдэд харилцан санал солилцох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэх, нэгдмэл байр суурьтай болох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх "Боомтын сэргэлт-2024" үндэсний форум Шангри-Ла зочид буудлын хурлын Их танхимд үргэлжилж байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин "Боомтын сэргэлт-Аж ахуйн нэгжүүд: Боломж" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Тэрбээр, "Боомтын эдийн засгийн ач холбогдол нь давамгай. Энэ боломжийг хувийн хэвшлүүд илүү олж харах, ашиглах, энэ талбарт өөрсдийн орон зайгаа нэмэгдүүлэх, бэхжүүлэх хэрэгтэй. Хэрэглэгч, зах зээлээ ч тэр хэрээр сайтар бид ойлгох нь чухал байгаа. Хойд, Өмнөд хөрш том зах зээлүүд. Тэнд хүрэх, түншлэл тогтооход боомтын үүрэг, нөлөө нь асар их. Боомтын менежментийг хувийн хэвшлийн оролцоонд түшиглэх, оролцогч талуудаа ч төр сонсох, хамтрах нь харилцан үр ашигтай байх боломжийг нэмэгдүүлнэ. Улсаараа бид хожно гэсэн үг. Үүнээс гадна олон улсын зэрэглэлтэй боомтуудыг цаашид нэмэгдүүлэх нь чухал байна" гэв.