Банкны салбарын бодлогын хэлэлцүүлэг: 2027 оны бодлого, олон улсын нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг, салбарын шинэчлэлийг хэлэлцлээ
2 Цагийн өмнө
84
Банкны салбарын бодлогын хэлэлцүүлэг: 2027 оны бодлого, олон улсын нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг, салбарын шинэчлэлийг хэлэлцлээ

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд баримтлах бодлогын чиглэл, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын тогтвортой байдал, цаашдын шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн “Бодлогын хэлэлцүүлэг” зохион байгуулагдлаа. 

Хэлэлцүүлэгт Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, макро эдийн засгийн төлөв, банкны салбарт тулгамдаж буй асуудал, санхүүжилтийн шинэ механизм, активын удирдлага, технологи, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зэрэг асуудлаар санал солилцов. 

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа ч Монгол Улсын банк, санхүүгийн салбар харьцангуй тогтвортой байгааг онцлов. Мөн Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг олон улсын стандартаар үнэлүүлэх хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээллээ. 

“Олон улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад татах нэг нүүр царай нь банкны сектор. Энэ үүргээ нэр төртэй үүрэх чадамж бидэнд бий” хэмээн С.Наранцогт онцолж, Монголбанк салбарын тогтвортой хөгжил, шинэчлэлийг бодлогоор дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. 

mongolbank260831 Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Н.Ургамалсувд “Эдийн засгийн төлөв байдал” сэдвээр танилцуулга хийж, гадаад, дотоод орчны өөрчлөлт, инфляц болон эдийн засгийн цаашдын төлөвийг танилцууллаа. Жилийн инфляц 13 хувьд хүрч, Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувь болгон нэмэгдүүлээд байна. Геополитикийн зөрчил, шатахууны үнэ, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа бол нүүрс, зэсийн үнэ болон экспортын биет хэмжээ өссөн нь эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлж байна. 

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-г танилцуулав. Монголбанк дунд хугацаанд инфляцыг 5 хувийн голчтой, ±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахын зэрэгцээ санхүүгийн системийн эрсдэлийг бууруулах, хяналт зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх чиглэл баримталж байна. 

Хэлэлцүүлгийн нэг гол чиглэл нь санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал байв. Банкны үйлчилгээ цахимжиж, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдэд хүү, шимтгэл, үйлчилгээний нөхцөл, эрсдэлийн талаар ойлгомжтой, ил тод мэдээлэл хүргэх, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг оролцогчид хөндлөө. Үүнтэй зэрэгцэн салбарын шийдвэр гаргалтад технологи, өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. С.Наранцогт өгөгдөлд суурилсан ухаалаг шийдвэр гаргалтыг хөгжүүлж, хүний хүчин зүйлээс шалтгаалах алдааг бууруулах чиглэлд Монголбанк, арилжааны банкууд, салбарын байгууллагууд хамтран ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэв. 

Ийнхүү “Бодлогын хэлэлцүүлэг” нь 2027 оны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, хэрэглэгчийн эрх ашиг, бизнесийн санхүүжилт, активын удирдлага, технологийн шинэчлэл гэсэн харилцан уялдаатай асуудлыг нэг дор авч үзэж, салбарын оролцогчид бодит асуудлаас бодлогын шийдэлд хүрэх гарцыг хамтран эрэлхийлсэн хэлэлцүүлэг боллоо.

bank2608313 

Эх сурвалж: Монголбанк 

 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.