Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.10.14/ Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол, Францын харилцаа сүүлийн жилүүдэд шинэ шатанд хүрч, улс төрийн өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ идэвхжихийн зэрэгцээ эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагааны бодит агуулгаар улам өргөжиж байгааг онцлов. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч нарын 2023 оны харилцан айлчлалын үеэр тохиролцсоны дагуу эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах “Францын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдах шатандаа орж байгааг тэмдэглэлээ.
Францын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдах нь хоёр улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаанд бодитой түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Уулзалтаар талууд, хоёр улсын худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, ураны салбарын бодлогын уялдаа зэрэг асуудлуудаар харилцан санал солилцов. Уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, усны менежмент, хот байгуулалт, инновац зэрэг салбаруудад хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах өргөн боломж бий гэдэгт санал нэгдлээ.