Карбон зах зээлийг хөгжүүлснээр ногоон санхүүжилтийн шинэ боломж нээгдэнэ
СОР17 бага хурлын хүрээнд Үндэсний карбон бүртгэлийн системийн демо хувилбарыг /2026.08.20/ танилцууллаа. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд карбон бүртгэлийн системийн суурь судалгааг хийж, системийн демо хувилбарыг хөгжүүлж буй юм.
Үндэсний карбон бүртгэлийн систем нь карбон төслийн бүртгэл, кредит үүсгэлт, олон улсийн шилжүүлэг болон холбогдох мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэж, хяналт, ил тод байдлыг хангах техникийн үндсэн дэд бүтэц юм. Энэхүү системийн суурь судалгаа, демо хувилбар нь нүүрстөрөгчийн зах зээлийн экосистемийг бүрдүүлж олон улсын карбон зах зээлд оролцоход чухал алхам болж байна. Карбон зах зээлийг хөгжүүлснээр уур амьсгалын бодлого, ногоон төсөл, хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татахад нэмэлт эх үүсвэр болох юм.
Талуудын 17 дугаар бага хурал нь НҮБ-аас 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласантай давхцаж буй бөгөөд энэхүү хурлаар бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, нүүрстөрөгчийн шингээлтийн асуудлыг онцгойлон хэлэлцэхээр төлөвлөж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, эрх зүйн орчноо үе шаттайгаар бэхжүүлж байна. Энэ хүрээнд 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль батлагдаж, карбон зах зээл болон үндэсний карбон бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэх эрх зүйн суурь бүрдсэн.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бэлчээрийг нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зах зээлийн ил тод, найдвартай тогтолцоо нэн чухал юм. Үндэсний карбон бүртгэлийн системийг хөгжүүлснээр Монгол Улсын карбон зах зээлийн ил тод, найдвартай байдлыг бэхжүүлж, хөрөнгө оруулагчид болон олон улсын түншүүдийн итгэлийг нэмэгдүүлэх, улмаар уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийн шинэ боломжийг нээхэд чухал хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.