СУРВАЛЖИЛГА: Богд уулын урдуур явах төмөр зам түгжрэлийг бууруулж, цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэж, ачаа эргэлтийг хурдасгана
16 Цагийн өмнө
259
СУРВАЛЖИЛГА: Богд уулын урдуур явах төмөр зам түгжрэлийг бууруулж, цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэж, ачаа эргэлтийг хурдасгана
-Жилдээ 20 хүртэлх сая тонн ачаа тээвэрлэж, 1000 ажлын байр бий болгоно-

...Нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэх, нэлээн хэдэн “туулайг зэрэг буудах” нь тодорхой төсөл бол Богд уулын урдуур явах төмөр зам. Энэ зам ашиглалтад орсноор та бидний цаг, мөнгийг хэмнэнэ. Учир нь, Улаанбаатар хот дундуур өдөр тутам өнгөрч буй галт тэрэгний хөдөлгөөн болгонд авто зам хааснаас түгжрэл үүсэж, түлш шатахуун, түмэн цаг хугацаа энд үрэгддэг. 

Цаашид автомашины тоо нэмэгдэх, хот тэлэх, төмөр замын хөдөлгөөн ихсэх тусам асуудал тэр хэрээр томорно гэсэн үг. Тэрчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх орхигдож, агаар, хөрсний болон дуу чимээний бохирдолд давхар нэрмээс болно.  Стресс нэмнэ. Эдгээр тоочих хүндрэлийг томруулах бус хумих, улс орны хөгжилд бодитой хувь нэмрээ үзүүлэх, ачаа эргэлтийг хурдасгах төслийг монголчууд өөрсдөө гардан барьж байгуулж байна. Энэ бол Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын төсөл билээ.

Төслийн бүтээн байгуулалтын талбарт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй ажиллаж, явцыг шалгаж, инженер, ажилчдад урам өгөхийн зэрэгцээ ажлаа улам сайжруулах, товлосон цаг хугацаандаа шинэ төмөр замаа ашиглалтад оруулах үүрэг, даалгаварыг ажил даасан хүмүүст өглөө.

viber_image_2026-08-13_18-16-03-379Ерөнхий сайдын зүгээс цаг хугацаа, хариуцлага алдахгүй ажлаа гүйцэтгэх, мөн төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, шаардлагатай авах арга хэмжээг түргэсгэх, уялдаа холбоог хангах, хүнд суртлыг арилгах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг хамтатган тодорхойллоо. 772676790_880678411529258_657318449199302672_n Монгол орны бүтээн байгуулалтын улирал хязгаарлагдмал. Тийм болохоор цаг хугацаатай уралдах, улирлын таатай үеийг ашиглах гэж шамдах нь үеийн үед сууж ирсэн ойлголт. Байгаль цаг уурын олон үзэгдэл бороо, цас, салхи, шуурга, халуун нар гадна талбайд үргэлжлэх их ажилд тулгардаг мөнхийн сорилт. Энэ бүхнийг туулж яваа төсөл бол Богд уулын урдуур явах төмөр зам юм. 

Монгол инженерүүдийн ур ухаан, эрдэм чадал шингэсэн төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Уул геологийн нөхцөл хүнд, уулын ажил ихээр хийсэн, геотехникийн олон сорилттой тулсан ч өнөөдрийн байдлаар эхний 87.2 км төмөр замын үндсэн байгуулалт дууссан. Шувуун фабрик, Туул гол, Эмээлт чиглэлийн далан, гүүр, хоолой, төмөр замын дээд бүтцийн ажил ид явагдаж байна.

Төслийн нэгдүгээр үе шатны трассын 43 дугаар км-т байрлах 15 давхар байшинтай тэнцэх гүн ухмалын хэсэгт газар шорооны ажил хамгийн ихээр хийгджээ. Нийт 33 метр гүнд төмөр зам тавигдаж байна. Газрын тогтоц, хөрсний нөхцөл, инженерийн шийдлийн хувьд хамгийн хүндрэлтэй хэсгүүдийн нэг энэ хэсэг. Тус талбайд үндэсний "Жинжий майнинг" компани 4 сая метр куб газар шорооны ажлыг гүйцэтгэжээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Р.Тогтохбаяр "Манай компани төмөр замын ухмалын хамгийн гүн туннелийн газар шорооны ажлыг хариуцан хоёр ээлжээр, 24 цагаар зогсолтгүй, 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Цаг хугацаа, цаг агаар хоёр бидний хамгийн том сорилт байлаа" хэмээн ажлаа танилцуулсан юм.  

772227474_1525896959336428_4021104629809392313_n_1 Засгийн газар стратегийн ач холбогдолтой хэмээн онцлон авч үзэж буй Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам ашиглалтад орсноор эхний үе жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 хүртэлх сая тонн ачааг тээвэрлэнэ.

Улаанбаатар хот дундуур явуулж ирсэн аюултай ачааг шилжүүлэн Богд уулын урдуур явах энэ төмөр замаар тээвэрлэнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал тодотгов.  “2024 он газтай нэг машин дэлбэрэхэд бараг бүтэн хорооллын асуудал хөндөгдсөн. Хүн ардынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй" гэж тэрбээр хэлсэн. 

Нарийн тооцоолол, инженерийн шийдэл уралдуулсан 476 метр урт гүүрийг Туул гол дээгүүр барьж байгуулах ажлыг монголчууд өөрсдийн хүчээр ажралгүй хийж байна. Ингэснээр Монголын хамгийн урт төмөр замын гүүр энэхүү төслийн хүрээнд бий болох бөгөөд монгол компаниудын чадал чансааг давхар шалгах аж.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Гаднынхнаар том гүүр, далан бариулдаг байсан. Одоо бол дотоодын компаниуд өөрсдөө хийгээд сурчихсан болохоор өртөг харьцангуй хямд байна. Монгол инженерүүд, операторууд, замын техникийн ажилтнууд төмөр зам, гүүр хоолой барих ажилд бол ур чадвартай, туршлагатай болсон. Манай үндэсний компаниуд төмөр замын барилга угсралтын орчин үеийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжөөр паркаа шинэчилсэн байна. Хүн хүчээ хангалттай бүрдүүлсэн байна. Энэ бүх туршлага, мэдлэг нь Монгол Улс цаашид гадны хамааралгүйгээр дотоодын болон бүс нутгийн дэд бүтцийн томоохон төслүүдийг бие даан хэрэгжүүлх бүрэн боломжтойг харуулж байна” гэлээ.

Тухайлбал, Туул гол дээгүүр барьж байгуулж байгаа 476 метр урт гүүрийг таван компани консерциум болж орсон байна.

 Ерөнхий сайд Н.Учрал “Манай  Засгийн газар мухар байсан төмөр замыг Эмээлт зөрлөгтэй холбож мухардлын асуудлыг шийдвэрлэсэн. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. 2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байсан. Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм. Засгийн газар шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж ажиллана. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүнд талархлаа илэрхийлье. Та бүхнээр бахархаж байна” гэлээ. 

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, ажилчин, олон зуун техник оролцож байна.

Нийт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл урт хугацаанд 295 тэрбум төгрөгийн татвар хураамж  улсад төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоолол гарчээ. Эргэн сануулахад, бүтээн байгуулалтын ажил 2025 оны дөрөвдүгээр 25-нд эхэлж байсан.

772664374_1385275960412125_595829759908018665_n Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам нь 3 зөрлөг, 4 өртөөтэй байна. Нийт 1200 метр урт 9 төмөр бетон гүүр, 127 ширхэг ус зайлуулах болон хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төмөр бетон хоолой барихаар зураг төсөлд тусгагджээ. Энэ дагуу бүтээн байгуулалт төслийн талбайд зогсолтгүй урагшилж байна.

Богд уулын урдуур явах энэхүү төмөр замаар Улаанбаатар хот дундуур явуулж ирсэн түлш шатахуун, аюултай гэж үздэг 34 нэр төрлийн ачааг үүгээр тээвэрлэдэг болно. Нэмээд уул уурхайн экспортын бүтээгдэхүүнээ зөөж эхэлнэ. Олон улсын дайран өнгөрүүлэх транзит тээвэр, нурмаг ачаа явна. Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц галтай залгах нүүрсээ Богд уулын урдуур явах энэ төмөр замаар авна. Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болох давуу тал бий болох юм. 

zam_2608142_mongoliin_tumur_zam Цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замын төслийг удирдан хэрэгжүүлж буй "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлтийн 127 км төмөр зам ашиглалтад орсноор байнгын 1,000 ажлын байр бий болно" гэдгийг онцолсон.

Мөнгөний урсгалыг гадагш бус дотооддоо үлдээж, үндэсний аж ахуйн нэгжээ дайчлан, монгол инженерүүдийн хүч хөдөлмөрөөр уулыг сэтэлж, усыг гаталж, төмөр замын түүхэнд шинэ хуудас эхлүүлж буй бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Монгол Улсын Хөгжлийн банктай санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ Засгийн газрын тэргүүн илэрхийлсэн.

Бүтээн байгуулалт нь өндөрлөх ойртож буй "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр зам манай улсын хувьд хамгийн олон хувийн хэвшил, үндэсний аж ахуйн нэгж оролцсон суурь бүтэц болж байна.

Төмөр зам гэх сэдэв нэгэн цаг үед улс төрийн хэрүүл, улс орны талцлын сэдэв байлаа. Харин одоо түгжрэлийг бууруулах, цаг хугацаа хожих, орлого нэмэх, ажлын байр бий болгох, хөгжлийг ойртуулах, хүн ардаа эрүүл аюулгүй орчинд аж төрүүлэх, байгаль цаг уурын саад бэрхшээлийг давах, эрсдэлийг хаах, ачаа эргэлтийг хурдасгах, зардал хэмнэх амин чухал яриа болжээ.  

774281629_1019376974243658_4507380127212583322_n_1 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.