“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2026 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, уул уурхай, экспорт, борлуулалт, санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдээ төлөвлөсөн түвшнээс давуулан биелүүлж, үйл ажиллагааны тогтвортой өсөлтөө хадгалан ажиллалаа.
Тус компани Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Үндэсний баялгийн сангийн бодлогын хүрээнд “Чингис хаан” Үндэсний баялгийн санд 2026 оны эхний хагас жилийн байдлаар 36.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлээд байна. Хагас жилийн гүйцэтгэлийн дүнгээр ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 18.0 мянган тоннд хүргэхээр төлөвлөснөөс 18.7 мянган тонн үйлдвэрлэж, төлөвлөгөөг 104 хувиар биелүүлжээ.
Мөн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэлийг 979.6 мянган тонноор төлөвлөснөөс 1.19 сая тонн үйлдвэрлэн төлөвлөгөөг 122 хувиар давуулан биелүүлсэн байна.
Экспортын чиглэлээр 1.2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс 1.38 сая тонн баяжмал экспортолж, төлөвлөгөөг 115 хувиар биелүүлжээ. Үүний үр дүнд 337.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 115 хувиар ханган ажилласан байна.
Үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, өртөг зардлыг оновчтой удирдсаны үр дүнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2026 оны эхний хагас жилийн байдлаар 33 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт нийт 74.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.