Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 03-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан нараас 2026.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийн нэгтгэсэн төсөл буюу Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2026.06.25-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Улмаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Эдийн засгийн байнгын хороо 2026.07.01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Мөнхсоёл уншиж, танилцуулав. Байнгын хороодын санал, дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүдийн асуусан зарим асуултад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариулт өглөө.
Монгол Улсад бизнесийн харилцааг зохицуулсан 360 гаруй хууль үйлчилж байгаа ч чөлөөтэй бизнес эрхлэх, тогтвортой байдлыг хангах, төрийн оролцоог бууруулах зэрэг төр, бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах суурь зарчмуудыг тусгасан хуульгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь зөвхөн цөөн төслөөс хамаарч, өнгөрсөн 15 жилийн хугацаанд тогтвортой бус, өсөж буурсан хэлбэлзэл ихтэй байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, дагалдах Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох 97 хуулийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд бизнесийн эрх чөлөөний суурь зарчим, төрийн оролцоог хязгаарлах зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн тогтолцоог цахимжуулах, бизнес эрхлэх үйл явцыг хялбаршуулах өөрчлөлтүүдийг тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн эрх зүйн тогтвортой байдал сайжирч, хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулна. Хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулалт татах татварын таатай орчин бүрдүүлнэ. Тухайлбал, санхүүгийн байгууллагуудын гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварыг 20 хувь байснаас 5 хувь болгон бууруулж, санхүүжилтийн өртгийг багасгасан. Дата төв, хиймэл оюун ухааны төвийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг 100 хувь хөнгөлж, өндөр технологийн хөрөнгө оруулалтыг дэмжихээр тусгасан. Гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгана. Мөн Гадаадын банк байгуулахад хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг чөлөөлж, олон улсын санхүүгийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно. Мөн зарим салбарын хуулиадаарх гадаадын хөрөнгө оруулалтыг хориглолт хийсэн хязгаарлалтуудыг чөлөөлнө. Бизнесийн орчинг дэмжих зорилгоор хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг ажиллах хүчний дутагдалтай салбарт гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө.
Эдийн засаг, нийгэм, хууль зүйн хувьд дараах үр дүн гарна.