Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын чиглэлээр эзэмшсэн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, мэргэжлийн ёс зүйг харгалзан үзсэнийг онцолсон юм.
Э.Анар нь Япон Улсын Хакуо их сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж, Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2011 оноос Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтэст нөөцийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, тус банкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, Төлбөр тооцооны газрын захирал, Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар тус тус ажиллаж байгаад ийнхүү Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилогдлоо.