Уул уурхайн салбарыг хувийн хэвшил бус төр удирдан жолоодож, баялгийн хуваарилалт дахин хийж байна
19 Цагийн өмнө
291
Уул уурхайн салбарыг хувийн хэвшил бус төр удирдан жолоодож, баялгийн хуваарилалт дахин хийж байна

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хамгийн ихээр татах боломжтой салбар бол уул уурхай. Тус салбарыг авч үзвэл, хувийн хэвшил бус төр удирдан жолоодож, энэ салбарт төрийн өмчит компанийн үүрэг оролцоо, нөлөө сүүлийн 10 жилийн хугацаанд үлэмж нэмэгдлээ. Төр уул уурхайн бизнест хамгийн том тоглогч боллоо. Хувийн хэвшилтэй бус төрд байгаа нэг дарга, сайдтай ярихад л "миний бизнес томрох юм байна", "миний хөрөнгө оруулалт өсөх юм байна" гэсэн хандлага газар авч, бизнест урьд өмнө байгаагүй "соёл" дэлгэрч эхэллээ. Үүнийг бид хойд, урд хөршөөсөө сурч, өөрсдийн замналаа бүтээж байна. 

Хувийн хэвшил уул уурхайн бизнест дангаар орших улам амаргүй болж, төр харин орон зайг нь эзэгнэж эхэлсэн. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, өөрийн эрх мэдэл, давуу байдлаар далайлган бүгдийг даргын мэдэлд хамж, төвлөрүүлсээр. Уул уурхайг улс орны тогтвортой хөгжлийн баталгаа, бусад салбараа зэрэгцэн хөгжүүлэх гарц, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа тэлэх, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах эх үүсвэр гэж харах бус зөвхөн эрх мэдэлтэй байгаа үедээ л "ашиглаад өнгөрөх" сонирхол нь дийлэх. Төрийн өмчит компаниуд эрх баригч намын хамгийн том далд санхүүжүүлэгч болж, захирлыг нь Засгийн газар бус намаас "илгээдэг" боллоо. Төр төрийн өмчит компанийг угсарч, үүгээр дамжуулан ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх "шат" болгон ашиглаж байна. 

2016 оноос хойш төр дангаар эдийн засгийг тодорхойлох гэж оролдож буй. Уул уурхай, банк санхүү гээд хувийн хэвшил дөмөгхөн аваад явж байгаа салбар бүрт төр өөрийн гэсэн хамаарал бүхий компанийг шахаж, төрийн оролцоотой компанийн тоог нэмж, төсвийн зардлыг тэлсэн. 

Сайн менежер бус сайд, дарга нарын "хүн" л уул уурхай, банк санхүүгийн бизнесийг удирдах эрхийг гартаа авч, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бизнесийн зарчмаар бус намын "даалгавар"-аар бүрдүүлж ирэв. Өнөөдөр Монголд төрийн өмчит компанийн ТУЗ гэж давхар цалин горилсон, хариуцлагаа орлогын эх үүсвэр гэж харсан, даргын үгээр үг хийсэн, бүтээмж тааруухан төрийн албан хаагчийн цуглуулга гэхэд бараг л дэгсдэхгүй болжээ. Зарим нь өөрийн намтарыг зузаатгах, баяжуулах, дараа дараагийн улс төрийн үйл хэрэгт нь тус нэмэртэй хэмээн үзэж "шургасан" нөхдийн анкет төдий. Ийм ТУЗ олонх нь байгаа нөхцөлд төрийн өмчит компаниас бүтээл, бүтээмж, хариуцлага нэхэх, хүлээх боломжгүй юм. 

Хувийн хэвшлээс төр хураасан, "дээрэмдсэн" тусгай зөвшөөрөл, орд газраа нэгтгэж, жижиглэн өөрөө бизнес хийх гэж оролдож байна. Төр "муу менежер" биш гэдгийг сонгуулийн сурталчилгаа, улс төрийн "үзэл суртал" мэт тунхаглаж, уул уурхайн төрийн өмчит компани болон банкны ашигт ажиллагааг намын санхүүжилт болгон хувиргаж, бүхнийг нийтийн сайн сайхны төлөө бус хэсэг бүлэг хүмүүс, түүний хүрээлэлд хуваах, хүртээх, хүргэх, сайд дарга нар нь өөрийн далд бизнест наах гэж хичээж байна.

Монголд дарга дагасан хүн ажилтай, орлоготой, хувийн бизнес нь амжилттай, төсвөөс ажил, үйлчилгээ авдаг, тендерт шалгардаг, татвар, нийгмийн даатгалын "хатуу гар"-аас мултардаг, хөнгөлөлттэй нөхцөлтэй, хямд зээл авдаг жишиг тогтсон байна. 

Байгалийн баялаг бүх ард түмний өмч бус харин бүгдийг захирах дуртай дарга нарын хувийн өмч хөрөнгө мэт үрэгдэн үнэгүйдэж, хэсэг бүлэг хүмүүсийн амьдралын баталгаа, нам засагт үнэнч явсан гэх нэгний насны хоол, үе удмаараа барж үл дийлэх хуримтлал нь болж байна. Уул уурхай Монголын эдийн засгийн тулгуур салбар мөн. Түших, тулах эхний найдвар нь. Төсвийн орлогыг бүрдүүлж, төв банкны валютын нөөцийг арвижуулж, улсын эдийн засгийг гал алдах аюулаас хамгаалж, аварч ирсэн. Ийм түвшинд авчирсан нь хувийн хэвшил, хөрөнгө оруулалт, чөлөөт зах зээлийн ач тус байлаа. 

Гэвч өнөөдөр төр хувийн хэвшлээ буланд шахаж, хөрөнгө оруулагчдаа хөөж, бизнес эрхлэгчдээ дарамтлан сүрдүүлж, уул уурхайг намын санхүүжилт болгон харж, сонгогчдын саналыг худалдаж авах орлогын хөшүүрэг гэж үзсэн нь илт болж, далд эдийн засгийг хамгийн ихээр хүчтэй "бордож" эхэллээ. Хувь хүн бизнес хийх, бизнес ашигтай байхыг гэм зэм мэт нийгэмд ойлгуулж, чөлөөт зах зээлийг булшилж байна. Баялаг бүтээж, хөдөлмөрлөж хүмүүс рүүгээ "чулуу нүүлгэх" хэмжээнд олны сэтгэл зүйг угаан бохирдуулж, нийгмийг талцан толхилцох замыг улстөрчид өөрсдийн гараар заслаа. Төрийн угсарсан төрийн өмчит компаниуд цэвэрлэгдэж, цэгцэрч байж л Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлээд байгаа "Чөлөөлье" санаачилга уул уурхай, банк санхүүгийн салбарт бодит ажил болж, боломж нээхээр байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.