ГШХО-ын 1 хувийн өсөлт эдийн засагт 0.76 хувийн бодит өсөлт авчирч байна
ГШХО-ын 1 хувийн өсөлт эдийн засагт 0.76 хувийн бодит өсөлт авчирч байна
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 1%-ийн өсөлт эдийн засагт 0.76%-ийн бодит өсөлт авчирч, үүний 0.22 нэгж хувь нь Оюутолгойн хөрөнгө оруулалтай холбоотой өсөлт болохыг СЭЗИС-ийн багш нарын хийсэн судалгаа анх удаа нарийвчлан тогтоожээ.

СЭЗИС-ийн Судалгааны баг “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тус судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа. Уул уурхайн салбар, түүнд хийгдэж буй гадаадын хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх нөлөөллийг тоон болон чанарын шинжилгээний арга ашиглан ийнхүү тодорхойлжээ.

Мөн салбарын мэргэжилтэн, судлаачид төрийн байгууллага, уул уурхайн компанийн удирдлага, ажилтан, орон нутгийн иргэд, олон нийт гэх мэт олон оролцогч талуудын байр суурийг тусгаснаараа онцлог болсон гэж судалгааны баг үзэж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодит нөлөөллийг илэрхийлэх маргаангүй үзүүлэлт нь тоо. Сүүлийн 25 жилд Монгол Улсын эдийн засаг 25 дахин томорсон байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 1 хувийн өсөлт эдийн засагт 0.76 хувийн бодит өсөлт авчирч, үүний 0.22 нэгж хувь нь Оюутолгойн хөрөнгө оруулалтай холбоотой өсөлт болохыг СЭЗИС-ийн багш нарын хийсэн энэхүү судалгаа анх удаа нарийвчлан тогтоожээ. Уул уурхайн салбарт ГШХО эрчимтэй нэмэгдэж, эдийн засгийн өсөлт, ханшийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлдэг. Мөн уул уурхайн салбарыг даган барилга, тээвэр, агуулах, худалдаа, санхүү, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбаруудад тэлэлт хийх боломжийг нэмэгдүүлдэг.

Уул уурхайн салбар нь 60 мянга гаруй ажлын байрыг бий болгож, тус салбарын ажилчдын цалин улсын дундаж төвшнөөс 2.4 дахин өндөр бөгөөд 2010 оноос 6.3 дахин өссөн байна. 

423735576_1057017575357078_6472347981274292350_n 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг бүрдүүлж байна. Судалгаанд оролцогч талуудын 95 хувь нь уул уурхайн салбарын Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг дунджаас дээш, харин салбарын хөгжилд чухал нөлөөтэй гэж 98 хувь нь хариулжээ. Гадаадын хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч байна. 

Уул уурхайн салбар улсын төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлж, санхүүжилтийн гол эх үүсвэр болдог. Харамсалтай нь улсын төсвийн орлого хурдацтай нэмэгдэхтэй зэрэгцэн төсвийн алдагдал нэмэгдэж, Засгийн газрын өр тасралтгүй өссөн сөрөг үзэгдэл ажиглагдаж байна. 

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад нийт 3.1 тэрбум ам.долларын ГШХО хийгдсэний 2.4 тэрбум ам.доллар буюу 79.2 хувь нь уул уурхай, олборлох салбарт орж иржээ. Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт сүүлийн 20 жилд 60 дахин, 2010 оноос хойш 5 дахин өсжээ. 

1990 онд нийт хөрөнгө оруулалт 4.4 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол 2022 онд 21.2 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна. Нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлж байна.

1990 оноос хойш Монгол Улсад орж ирсэн ГШХО-ын 87 хувь нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт байна. Тодруулбал, 1990 оноос хойш Монгол Улсад нийт 46.6 тэрбум ам.долларын ГШХО орж ирсний 40.5 хувийг Оюутолгой компанийн хөрөнгө оруулалт эзэлж байна. 2010-2022 онд уул уурхайн салбарт орсон ГШХО-ын 70.5 хувь нь Оюутолгойн хөрөнгө оруулалт байна. Мөн орон нутагт жижиг, дунд бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж, уул уурхайн бүсийн иргэдийн худалдан авах чадварт эергээр нөлөөлж байна.

Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт сүүлийн 20 жилд 60 дахин, 2010 оноос хойш 5 дахин өссөн байна. Нийт хөрөнгө оруулалтын 60.0 хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлж байна. 2010 оноос хойш манай улсад орох ГШХО-ын урсгал эрчимтэй нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байна.

2022 оны байдлаар ГШХО-ын 82.5 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт төвлөрч байна. 1990 оноос хойш Монгол Улсад нийт 46.6 тэрбум ам.долларын ГШХО орсны ойролцоогоор 40.5 хувийг ОТ компанийн хөрөнгө оруулалт эзэлж байна. Уул уурхайн салбарт орж буй ГШХО тус салбарын үйлдвэрлэлийг өсгөж, нийт эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж байна. 

● 2010 оноос хойш Уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт  хийгдэж, томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээр, тус салбарын үйлдвэрлэл эрчимжиж, эдийн засаг дахь уул уурхайн салбарын нөлөө улам их болсон.
● ГШХО-н дийлэнхийг эзэлж буй Оюутолгойн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын эдийн засаг дахь нөлөөлөх нөлөөллийг 22 хувиар нэмэгдүүлж байна.
● УУ-н салбарын бүтээмж улсын дунджаас 2.4 дахин өндөр байна.
● УУ-н салбарын ажилчдын цалин улсын дунджаас 2.4 дахин өндөр байгаа бөгөөд 2010 оноос хойш 6.3 дахин өссөн байна.

Нийгмийн нөлөөллийн хувьд:
● Уул уурхайн салбар нь орон нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй, ГШХО бүхий том төслийн нөлөө нь илүү их байдаг. 
Уул уурхай хөгжсөн орон нутагт эдийн засгийн бусад салбар хөгжих боломж 40-50 хувиар илүү байдаг.
● Уул уурхайн бүсэд амьдарч буй иргэдийн орлого бусад бүс нутагтай харьцуулахад 50 орчим хувь өндөр, ядуурлын түвшин 2-3 дахин бага байдаг.
● ГШХО нь ажил, амралтын байрны стандартыг баримтлахад эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд уул уурхайн салбарын ажилчид ГХО-тай уул уурхайн компанид ажиллах сонирхол их байна.
● Уул уурхайн салбар хөгжсөн газар нутагт дэд бүтцийн хөгжил бусад аймгуудтай харьцуулахад 40 орчим хувиар өндөр байдаг.

Бодлого орчны хувьд:
● Монгол Улсын хөгжил, уул уурхай, ГШХО-н талаар тогтсон бодлого үзэл баримтлал төлөвшөөгүй, нийгмийн зөвшилцөлд хүрээгүй.
● ЗГ-н газрын бодлогын залгамж чанар муу, салбарын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлууд, санхүүжилтийн загвар нь тодорхойгүй нь УУ, ГШХО-н бодлогын хэрэгжилтэд сөрөг нөлөөлөх гол нөхцөлийн нэг байх боломжтой байна.
● Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд ГШХО-н нөлөөлөх нөлөөллийг оролцогч талууд өндөрөөр үнэлж, хүлээн зөвшөөрдөг нь салбарын үйл ажиллагаанд эерэг суурь орчин байгааг нотолж байна.

Дээрх үр дүнд үндэслэн судалгааны багийн зүгээс уул уурхайн салбар дахь ГШХО-н бодлогын тогтвортой байдлыг хангах, эрх зүйн орчныг сайжруулах нь хөрөнгө оруулалтын нөлөөллийг улам нэмэгдүүлэх боломжтой гэж үзэхийн зэрэгцээ харилцан ашигтай байх Монгол Улсын хөгжилд нөлөөлөх нөлөөллийг нэмэгдүүлэх, байгаль орчны асуудлыг анхаарсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөж байна.

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.