Инфляц том асуудал болж хувирлаа
Инфляц том асуудал болж хувирлаа
Өндөр инфляц ажлын бүтээмжийг бууруулдаг.

Инфляц нэмэгдэх тусмаа өрхийн орлогыг үнэгүйдүүлж, худалдан авах чадварыг сулруулдаг. Амьдралын чанарыг муутгадаг. Бизнесийн орчныг тодорхой бус байдал руу хөтөлж, ажил хөдөлмөр эрхлэх бүтээмж буурч, хүмүүсийн урам зориг мохдог. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх суурь шалтгаан болж, эдийн засгийн өсөлтийг царцаадаг. Тэр тусмаа хөгжиж буй эдийн засагт хамгийн их хортой нөлөө үзүүлдэг. Тэрчлэн импортоос ихээхэн хамааралтай, хэрэглээ суурьтай эдийн засагт инфляцын нөлөө шууд халдварлаж байдаг.

Цаашилбал, хүмүүсийн хуримтлал үүсгэх сонирхол буурч, мөнгөн хадгаламжийн өгөөж буурдаг. Үндэсний мөнгө тэмдэгт болох төгрөгийн ханш сулрах, гадаад валютын ханш өсөх байдлаар эдийн засагт сөрөг нөлөө шууд орж ирдэг. Ийм учраас өндөр инфляцын дарамт, шахалтаас улс орнууд болгоомжилж, төв банкууд инфляцын эсрэг мөнгөний бодлого хэрэгжүүлж байдаг. 

Бараа, бүтээгдэхүүнийн үнийн өсөлтийг илэрхийлэх хэмжүүр бол инфляц. Инфляцыг өсөлтийн хурдаар нь 5 ангилж ирсэн. Одоо манай улсад цогио инфляц бий болоод байна. Цогио инфляц гэдэг нь 10 хувиас дээш өсөлтийг хэлж байгаа юм. Улсын хэмжээнд инфляц 4 дүгээр сарын байдлаар 10.1 хувьтай гарч, Монголбанкны зорилтот түвшнээс улам холдож байна. Эдийн засагт ийм өндөр инфляц ноёлж байгаа цаг үед бид хямрал, хүндрэл ойрхон байгааг эргэцүүлэх учиртай юм. 

mongolbank_260512 Хоёр оронтой тоонд шилжсэн инфляцыг бууруулах, тогтоон барих нь Монголбанк, Засгийн газрын эхний ээлжинд “ноцолдох” асуудал. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг аядуу инфляцтай байж ирсэн. Аядуу инфляцыг 3-10 хувийн өсөлтөөр тодорхойлдог. Үндсэндээ манай эдийн засагт, төсөв, мөнгөний бодлогыг төвөггүй хэрэгжүүлэхэд инфляц асуудал биш байсан гэсэн үг. Харин одоо эдийн засагт инфляц том асуудал болж хувирлаа. Том асуудал нь том сорилт дуудах эхлэл юм. 

Нийлүүлэлтийн гаралтай бараа, бүтээгдэхүүнийн үнийн өсөлт, тэр тусмаа түлш шатахуун, мах, хүнсний ногоо гээд улирлын нөлөө инфляцын өсөлтөөр илэрч байна. 

Инфляц цаашид өсөлтийн эрчээ хадгалсаар байвал Монголбанк бодлогын хүүгээ эргэн харах, бодлогын хүү нэмэгдэх  эрсдэлийг бий болгох талтай. Төв банкны бодлогын хүү 12 хувьтай байна. Хамгийн сүүлд хуралдсан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг /2026.04.28/ хөндөөгүй буюу хэвээр хадгалж үлдсэн. Тодруулбал, тухайн үед инфляц улсын хэмжээнд 7.4 хувьтай байсан юм. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.