Монголбанкны Ерөнхийлөгч үүрэгт ажлаа хүлээн аваад 4 сарын нүүр үзэх гэж байна. Зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа бүтэн дүүргэсэн Б.Лхагвасүрэнгээс "Эрдэнэс Монгол"-ын С.Наранцогт Монголбанкны тамгыг гардан авсан. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын хороо нь УИХ-ын харьяа байгууллага. Парламент эдгээр байгууллагын удирдлагыг хэлэлцэн томилж ирсэн. Энэ жишгээр төв банкны дараагийн Ерөнхийлөгчийн халааг С.Наранцогт залгамжилж, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх, дархтай болсон.
“Монголбанкны хуримтлагдсан алдагдал 2024 оны байдлаар 7.4 их наяд төгрөгт хүрч, сүүлийн 5 жилийн хугацаанд 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн, хүний нөөцийн бодлого алдагдан ажилтнуудын тоо 3 дахин нэмэгдэж, 700 хүрсэн, банкны харилцагч иргэн, хувийн болон төрийн байгууллагуудын зүй ёсны эрхийг хамгаалах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байгаа зэргээс харж болохоор байна" хэмээн тухайн үеийн УИХ-ын дарга Н.Учрал /2025.12.18/ чуулганы танхимын индрээс мэдэгдсэн. Монголбанкны өнөөгийн нөхцөл байдлыг хариуцлагатай албан тушаалтан дээрх өгүүлбэрт багтаасан. Ийм банк шинэ Ерөнхийлөгч удирдахаар очсон гэсэн үг.
УИХ-д ажлаа тайлагнадаг Монголбанкны үйл ажиллагааг нээлттэй, макро эдийн засгийн тэнцвэрийг ханган ажиллах гол бодлогын институт байлгах нь парламентийн спикерийн онцолсон эшлэл. Төв банкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх эрхийг хадгалан хэрэгжүүлдэг УИХ зээлийн хүүг бууруулах, зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, банкны монополь байдлыг халах, иргэдэд сонголт өгөх, банкны салбарт шинэ оролцогч, тоглогчдыг дэмжих, нэвтрэх орон зайг нээлттэй олгоход онцгой анхаарч байгаа. Энэ агуулгыг ажил хэрэг болгоход Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын манлайлал, санаачилга чухал юм. Түүнд парламентаас өгсөн "гэрийн даалгавар" ийм байлаа.
Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг хангах, зээлийн хүүг бууруулахад шинэ Ерөнхийлөгчийн хичээл, зүтгэл их. Банкны салбарт салхи оруулах, зээлийн хүү буурах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, банкны захын оролцогчдын эгнээг тэлэх, хөрөнгө оруулалтын банк Монголд үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нээхэд С.Наранцогтын туршлага чухал гэдгийг одоогийн Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргын хувиар нэр дэвшүүлэн танилцуулж байхдаа хэлж байсан юм. Энэ үгийг шийдлээс шийдвэр болгох, цаасан дээрээс амьдралын хөрсөнд буулгах нь Монголбанкны ажил.
УИХ-ын хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ, /тухай үеийн УИХ-ын дарга/ одоогийн Ерөнхий сайд Н.Учрал "Өнөөдөр жирийн иргэдийн амьдрал зээлээс зээл, өрөөс өрийн хооронд өнгөрч байна. Арван жилийн өмнө зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувь байсан бол өнөөдөр ч хэвээрээ байна. Эх үүсвэрийн өртөг нь өндөр, хугацаа нь бага, эдийн засгийн эрсдэл их, эрх зүйн орчин тогтворгүйн улмаас өндөр зээлийн хүү, өрийн гинжин хэлхээнд улс орноороо оржээ" хэмээн дүгнэсэн. Бодит байдлыг хэлсэн.
"Европ, Азийн банкнуудыг Монголд урьж дуудсан, нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх эхлэл болно гэж үзэж байна. Зөвхөн зээлийн хүү төдий бус хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн, бизнесийн санхүүжилтийн боломж, иргэдэд очих хүртээмж, цаашлаад эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой өргөн хүрээний бодлогын асуудал юм. Зээлийн хүүг буулгах нь зөвхөн гадаадын банк оруулж ирээд шийдчих зүйл биш. Ойрын жилүүдэд эдийн засагт эзлэх төсвийн нөлөөг бууруулж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч, халамжаас хөдөлмөрт, импортлогчоос экспортлогч улс болж байж зээлийн хүү бага түвшиндээ хүрнэ. Харин богино хугацаанд иргэд, үйлдвэрлэгчдэдээ илүү боломж нээхийн тулд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар гадаадын банк орж ирж, санхүүгийн нөу-хау, шинэ стандарт, эрсдэлийн удирдлагын соёл, технологийн шинэчлэл, үр ашигтай банкны салбарын шинэ хөгжлийг эхлүүлэх болно" хэмээн Н.Учрал хэлж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын хариуцах ажил гэдгийг энэ үеэр цохон тэмдэглэсэн билээ.
С.Наранцогт Монголбанк руу хэд хэдэн даалгавартай томилогдсон. Үүнд, Төв банкны бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж, даргын тоог цөөлж, орон тоог оновчилж, банкны хуримтлагдсан алдагдлыг бууруулах, гадаадын банк оруулж ирэх, зээлийн хүүг бууруулах цогц судалгаа хийж, нөхцөл байдалдаа бодитой үнэлэлт, дүгнэлт хийх, үр дүнг гаргах. Эдгээрээс олон нийт, иргэдийн ахуй амьдралд тус нэмэртэй нь зээлийн хүүг бууруулах, гадаадын банк оруулж ирэх явдал юм.
Н.Учралын "Чөлөөлье" санаачилгыг төв банк дэмжих, эсвэл чөдөрлөх эсэхийг ирэх өдрүүдэд харах үлдлээ. Гадаадын банк оруулж ирэх хаалганы түлхүүр нь Монголбанкны гарт, тэдний хяналт шалгалт, эрх мэдлийн сүүдэрт байдаг.