Махны үнийн өсөлт бодлогын хүүг хөдөлгөх үү...
Махны үнийн өсөлт бодлогын хүүг хөдөлгөх үү...
Монголбанк бодлогын хүүгээ эргэж харах уу, эсвэл...

Ажин түжин налайж суусан Монголбанк ээлжит нэгэн сорилтын өмнө ирлээ. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй энэ байгууллага төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Парламент жилд нэг удаа улсын төсвийн нэг адил Монголбанкны мөнгөний бодлогын төслийг баталж өгдөг. Мөнгөний бодлого нь монгол хүний сайн сайхан байдлын төлөө зориулагдах ёстой.

Өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүнд онцгой нөлөөтэй махны үнийн өсөлт инфляц болж, Монголбанк урьдын амгалан байдалдаа цэг тавих цаг болсныг сануулна. Учир нь, улсын хэмжээнд инфляц 7.4 хувьтай гарч, төв банкны зорилтот түвшнээс зогсолтгүй холдож байна. 7.4 хувь гэдэг тайвшрах, эсвэл таалах хэмжээний нам инфляц биш юм. 8 хувь руу инфляц дөхсөөр байна. Өнгөрсөн хугацаанд инфляцыг мартсан ч үнийн өсөлт бидний амьдралаас холдсонгүй.

Махны үнийн огцом өсөлт хаврын тарчиг цагаар өрхийн төсвийг ихээр холгоод зогсохгүй мөнгөний бодлогыг /Монголбанкны ажлыг/ шалгах хэмжүүр болж, инфляц агших бус тэлэх үндэслэлээр нэрлэгдэж эхлэв. Хэдий өдийд нөөцийн мах зах зээлд гарч, шинэ махны нийлүүлэлт багасаж үнэ хөдөлдөг ч хагас жилийн хугацаанд 50 гаруй хувиар өснө гэдэг аюул. Эрэлт, нийлүүлэлт үнийг тодорхойлох боловч төв банк инфляц гэх үндсэн ажлаа санаж сэрэх үе ирлээ.

Инфляцыг тогтворжуулах замаар төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хадгалж, хамгаалах нь мөнгөний бодлого, Монголбанкны үүрэг. Үндсэн зорилт нь энэ бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар, үнэ цэнийг төв банк тодорхойлж байдаг. Энэ үүрэг, зорилтоо өнгөрсөн хугацаанд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч нар хэрхэн биелүүлсэн эсэх нь инфляц болон өнөөдрийн төгрөгийн ханшаар харагдаж байгаа юм.

Цалин, тэтгэврийн худалдан авах чадвар угтаа мөнгөний бодлогын толь, тусгал нь байдаг. Хүнсээ цуглуулахад ирэх дарамт, үнийн өсөлт инфляц юм. Инфляцыг нам түвшинд тогтворжуулах, өрхийн амьжиргааг дордуулахгүй байлгахад мөнгөний бодлогын үүрэг, оролцоо маш их.

Монголбанк зах зээлд, эдийн засагт, бизнест, өрхийн амьжиргаанд мөнгөний бодлого буюу бодлогын хүүгээр дамжуулан оролцож, дохио өгч, хүлээлтийг удирдаж, залж, өнөөдрийн нөхцөл байдлыг бүрдүүлэхэд гол тоглогч. Төв банкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо улирал тутам болон ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүгээ хэлэлцэх замаар зах зээлд нөлөөлдөг. Тэгвэл тус хороо өнгөрсөн сард хуралдаж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Энэ үед махны үнэ өнөөдөр шиг байсангүй. Харин одоо махны үнийн огцом өсөлт бодлогын хүүг хөдөлгөх хүчин зүйлд тооцогдож байна.

mongolbank_260414  
Бодлогын хүү 12 хувь бөгөөд энэ хувь дээр бүтэн жилийг Монголбанк "өнгөрүүлж" байгаа. 12 хувь гэдэг хөгжиж буй эдийн засагт айхтар өндөр тоо, бүхний суурь юм. Ийм өндөр бодлогын хүүтэй улс оронд бизнес хөгжих, эдийн засгийн шинэ, шинэ боломж ар араасаа бий болох үндэс бараг байхгүй. 12 хувь гэдэг Монголын эдийн засаг, улс төр, бодлогын орчин сул, засаглал муутай, хөрөнгө оруулалтын орчин нь савлагаатай, тэр хэрээр эрсдэлтэй, тогтворгүй, тодорхой бус, авлига өндөр, төрийн хүнд суртал бүх шатанд нэвчсэн гэдгийг илтгэж байгаа цифр юм. Эдгээрийн нийлбэр дүн нь бодлогын хүү. Монголбанк нь үнэхээр бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг эсэхийг харуулж байгаа индекс нь бас бодлогын хүү юм.

2025 оны 3 дугаар сараас хойш бодлогын хүү 12 хувийг заасан бол махны үнийн богино хугацаанд үүссэн 50 орчим хувийн өсөлт төдийгүй түлш шатахуун, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдлээс үүдэн бодлогын хүүг эргэн харах, хүү нэмэгдэх эрсдэл үүсэж байна.

Бодлогын хүү одоо нэмэгдэхгүй гэвэл инфляц цаашид улам гаарах түгшүүр байгаа юм. Харин бодлогын хүү нэмэгдлээ гэхэд бизнесийн орчим тэр хэрээр хумигдах, хөрөнгө оруулалт зогсох, зээлийн олдоц буурах тун муу талтай. Энэ тохиолдолд зээлийн хүү буурах бус нэмэгдэнэ. Арилжааны банкны зээл илүү үнэтэй болж, эдийн засгийг тэтгэх мөнгөн урсгал тасалдана. Зээл ховордоно. Товчхондоо, эдийн засаг "борц" болно оо гэсэн үг. Ийм зам дээр Монголын эдийн засаг тулж ирсэн байна.

Одоо Монголбанкны баримтлах мөнгөний бодлого, бодлогын хорооны шийдвэр инфляцыг өрдөх үү эсвэл тайвшруулахад хэр тустай эсэхийг харах үлдлээ. "Нозоорсон" байдлаасаа Монголбанк түргэн гарч, инфляцыг тогтворжуулах, төгрөгийн ханшаа барих, монгол хүний амьдралын чанарыг одоо байгаа түвшнээс нь дордуулахгүй хадгалахад ажиллах цаг ирсэн байна. Хэцүү сонголтын өмнө Монголбанк буулаа. Хамгийн бага төлөөс шаардах сонголтыг тэд хийх нь дамжиггүй. 

Хараад сууж болохгүй сорилт өнөөдөр манай улсын эдийн засагт нүүрлэж, өдөр өдрөөр иргэдийн амьдралын чанар муудаж, доройтож байна. Төгрөгийн цалин орлоготой хүн болгон төв банк, Засгийн газрын бодлогын золиос нь болж байна. Төгрөгт итгэх итгэл бага багаар алдарч, төв банкны "сахиулах" инфляц эдийн засагт хамгийн ихээр гай тарьж мэдэхээр байна. Инфляцын өмнө Монголбанк өвдөг сөхрөх үү эсвэл мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгаа тогтворжуулахад манлайлал үзүүлэх үү гэсэн асуулт хариулт хүлээнэ.

Монголбанк хариулах цаг болжээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.