АХБ: 2026, 2027 оны эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлнэ
2 Цагийн өмнө
33
АХБ: 2026, 2027 оны эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлнэ

Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас Монгол Улсын эдийн засгийн төлөвт нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байгаа ч Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, нүүрсний эрэлт тогтвортой хадгалагдсанаар 2026, 2027 оны эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлсээр байна.

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Азийн хөгжлийн төлөв, 2026 оны 4 дүгээр сар тайланд Монгол Улсын эдийн засаг 2025 оныг сул эхлүүлсэн ч хөдөө аж ахуйн салбар хоёр хүнд өвлийн дараа сэргэж, уул уурхайн өсөлт үргэлжилсний ачаар 6.8 хувиар өссөн бол 2026 онд 5.7 хувиар өснө гэж төсөөлжээ. Харин 2027 онд уул уурхайн салбар тэлж, уул уурхайн бус салбар идэвхжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.0% болж нэмэгдэх төлөвтэй байна.  

“Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ойрын хугацаанд дэмжсэн хэвээр байх ч эдийн засгийн төлөвт нөлөөлөх сөрөг эрсдлүүд илт нэмэгдээд байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Орон хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пелли хэлээд, “Дэлхий эдийн засгийн эрсдэл нэмэгдсэнээр Монголын эдийн засгийн төлөв маш тодорхойгүй байдалд ороод байна” хэмээн тодотгов. 

mongolia_260410 Ойрх Дорнодын нөхцөл байдал богино хугацаанд тогтворжино гэсэн таамаглалд үндэслэн боловсруулсан төсөөллөөр инфляц 2026 онд 7.8 хувь, 2027 онд 6.8 хувьд хүрэх төлөвтэй байх ч дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэд нийлүүлэлтийн дарамт үргэлжилсээр байна. Мөн шатахуун зэрэг импортын барааны үнийн өсөлт, төгрөгийн ханш сулрах дам нөлөөгөөр инфляцад нэмэлт дарамт үүснэ.

Ойрх Дорнод дахь мөргөлдөөн одоогийнхоос илүү удаан үргэлжлэх нь урьдчилсан төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хамгийн том эрсдэл юм. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний болон бордооны үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, өрхийн хэрэглээг сулруулан, Монгол Улсын экспорт болон төсөвт сөргөөр нөлөөлж болзошгүй. Ийм нөхцөлд эдийн засгийн өсөлт одоогийн төсөөлснөөс доогуур, харин инфляц илүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй юм.

Эдгээр төсөөллийг Ойрх Дорнод дахь мөргөлдөөн богино хугацаанд тогтворжино гэсэн таамаглалд үндэслэн 3 дугаар сарын 10-нд тодорхой бус нөхцөл байдал дунд боловсруулсан. Үүнээс хойших үйл явцыг харахад тээвэр, худалдааны тасалдал үргэлжлэх магадлалтай байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.