Улс орны эдийн засагт валют авчирдаг геологи хайгуулын үйл ажиллагаа бүхэлдээ царцжээ. Хайгуул хийхгүй бол шинэ орд, илрэл нээж чадахгүй. Байгаа нөөц, илрэлээ ч бүрэн баталгаажуулж, эдийн засгийн эргэлтэд бүтэн оруулж дөнгөхгүй. Нийгэм, эдийн засгийн үр ашигтай уул уурхайн төслүүд бий болохгүй. Хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй. Хайгуул 10 гаруй жил зогсонги байдалд орохоор уул уурхай, цаашилбал аж үйлдвэрийн салбар уналтад орж эхэлж байна.
Манай улс хайгуулаа хаачихсан учраас гадаадын хөрөнгө оруулалт, шинэ мөнгө эдийн засагт нэвтрэх аргагүй болов. Шинэ орд, илрэл олох, нээх, судлах геологичдын хүсэл тэмүүлэл шантарч, унтарч байна. Тэд ажилгүй болж байна. Гол нь, улс орныг тэтгэх, тэжээх уул уурхайн хөгжил урагшлах бус ухрах замдаа орж байна. Томоохон уурхай нээгдэж, олон мянган хүнд тэнд ажиллах бус харин хаягдсан, орхигдсон талбайд бичил уурхай нинжа хэлбэрт шилжиж, далд эдийн засаг бий болж байна.
Хайгуулын салбар нь сонирхсон хөрөнгө оруулагчдад цоожтой учраас тэд өөр улс орныг сонгож эхэлсэн. Монгол Улс, тэр тусмаа Монголын уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын анхаарлаас аль хэдийнэ гарч, урьд өмнөх өөдрөг хүлээлт бага багаар сарнин алга болж байна. Дэлхийн улс орнууд хайгуулын салбартаа шинэ хөрөнгө оруулалт татах гэж бусадтай хүчтэй өрсөлдөж, уян хатан, таатай нөхцөл хөрөнгө оруулагчдад тавьж эхэлж байна. Үүний тод жишээ бол Казахстан.
Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай, экспортын орлого нь нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт гээд цөөн хэдэн уул уурхайн бүтээгдэхүүнээс үлэмж хамааралтай манай улс хайгуулын хөгжлөө өөрсдөө гацааж, хөрөнгө оруулалт татах боломжоо асар их алдлаа. Хайгуул бол хөрөнгө зардаг бизнес. Эрсдэл өндөр учраас сонирхсон бүхэн дайрч ордоггүй. Хөрөнгө оруулагч эрсдэлээ өөрөө 100 хувь хариуцдаг болохоор улс оронд алдах юм байхгүй. Том тоглогч нар том мөнгөөр хайгуул руу азаа үздэг.
Геологи хайгуулын үйл ажиллагааг ухах, олборлох, зөөх л гэж бид ойлгох гээд байдаг. Энэ бол маш буруу, шинжлэх ухаанч бус ойлголт юм. Буруу ойлгосон, буруу ойлгуулсан учраас улсаараа маш их хохирол эндээс амсаж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, нэр хүндээрээ бид төлөөс төлж, эцэст нь орлогогүй, мөнгө олох төсөлгүй сууна. Урдаа барих үндэслэлтэй судалгаа, шинжилгээ, хайгуулын илрэл, нөөц тогтоосон ерөнхий бус тодорхой зураглал ч алга.
Геологи хайгуулын судалгаагаар дамжуулан бид эх орон танин мэдэж, олон салбарт тулах судалгаатай, барих нотолгоотой болдог. Зөвхөн нүүрс, зэс, алт, жонш, төмрийн хүдэр, газрын ховор геологичид хайдаггүй. Хайх ч боломжгүй. Геологи хайгуулын судалгаа хийснээр, хөрсний судалгаа, бэлчээр, ус, цэвдэг, уур амьсгал, газар хөдлөлт, чулгуулгийн насжилт, ан амьтан, ургамлын төрөл зүйл, байгалийн гамшигт эрсдэлийн давтамж, газар тариалан эрхлэх боломж гээд суурь судалгааны эх үндэс тавигддаг. Геологи хайгуул бол өргөн ойлголт юм.
Монгол Улс Үндэсний баялгийн сантай. Сангийн хөрөнгийг арвижуулах ганц найдвар нь уул уурхай. Байгалийн баялгийн үр өгөөжийг ирээдүй хойч үед хүртээх, өнөө цагийн эздэд хүргэх, хөгжилд тодорхой хувийг нь зарцуулах чиг зорилготой сан. Өндөр хаанаар овоглосон Үндэсний хуримтлалын санг мөнгөжүүлье гэвэл ирээдүйд уурхай болох ордыг нээн илрүүлэх ажлаа одооноос эрчимжүүлэхгүй бол алдагдсан боломжийн өртөг нэмэгдсээр. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд жин дарах, түлхэц өгөх шинэ уурхай нээх нь улам бүрхэг болж байна.
Өнөөдрийн бид улс төсөв, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол, зам дэд бүтэц, усан хангамж, цахилгаан дулаан гээд олон салбараар дамжуулан байгалийн баялгийн үр өгөөжийг хүртэж байгаа. Харин бидний үр хүүхэд, ирээдүйд мэндлэх хойч үед байгалийн баялгийн өгөөж хуваарилагдан очих ёстой. Гэхдээ газрын хэвлийдээ баялагтай ч түүнийгээ олж нээж чадахгүй, эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, дэлхийн зах зээлтэй холбож чадахгүй бол улсаараа удам дамжсан ядуу тарчиг нийгэм, хойч үе үлдэхээр байна.
1990 оноос өмнө эрчимтэй хийгдсэн хайгуул, судалгааны үр дүнгээр /нийгэм, эдийн засгийн өгөөж, орлогоор/ өнөөдрийн бид амьдарч байна. Тиймээс хайгуулаа нээж, санг арвижуулах, улмаар хадгалах, хамгаалах, хуримтлагдсан хөрөнгийг өсгөх даалгавар энэ цагийн бидэнд ирж байгаа юм. Тэгвэл санг хэрхэн өсгөн арвижуулах вэ... Үндэсний баялгийн сан нь дотроо Хуримтлалын сан, Хөгжлийн сан, Ирээдүй өв сантай. Ирээдүй өв санд 6 их наяд төгрөг хуримтлагдсан. Ам.долларын ханшаар авч үзвэл, энэ нь өчүүхэн бага мөнгө болж хувирна. Үүнийг яаж нэмэгдүүлж, 6 бус 60 их наяд болгох вэ. Гарц нь, уул уурхай, тэр дотроо хайгуул болж байгаа юм.
Хайгуулаа нээх замаар Үндэсний баялгийн сангаа "баяжуулах", тэр тусмаа Ирээдүй өв сангийн хөрөнгийг илүү их болгох, үлдсэн хоёр сандаа үлдэх мөнгөтэй байхын тулд хайгуулаа нээх нь хамгийн эхний ажил болж байна. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт хайгуул дагаж ирдэг. Геологи хайгуул бол хөрөнгө оруулалтын эхний алхам. Манай улсын эрдэс баялгийн салбар эхний алхам дээрээ гацаад удлаа. Хөрөнгө оруулалтыг үргээдэг, хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь орон нутгийн ул суурь муутай эсэргүүцэл, үл ойлголцол, төр захиргааны байгууллагын явцуу ашиг сонирхол бүхий хүнд суртал, зарим иргэний нийгмийн байгууллага, улстөрчийн хэрээс хэтэрсэн шантааж болж байна.
Геологи, хайгуулын эрэл судалгаа удааширч, хөрөнгө оруулалтгүй учраас өргөн далайцтай ажил хийгдэж чадахгүй байна. Үүнээс болж уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэнгүй. Харин ч тоо хэмжээ нь энэ чигээр байвал хумигдах эрсдэл үүсэж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээлснээр, ашиглалт нь хайгуулаасаа давсан. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хол илүү байж эрүүл, зохистой, тогтвортой уул уурхайн хөгжил яригдах ёстой юм. Харамсалтай нь, манай улсад хайгуул гацсан учраас ашиглалт нь дийлж, хайгуул нь хөсөр хаягджээ. Угтаа эрэл судалгааны ажил дор хаяж 10 жилээр түрүүлж хийгддэг байх ёстой. Гэтэл манайд 10 жилээр хоцорч яваа.
Монгол орны нийт газар нутгийн 20 орчим хувьд л ашигт малтмалын эрэл судалгаа, хайгуулын ажил явуулах бололцоотой. Үүнээс одоогийн байдлаар 3.1 хувийг нь хайгуулын лиценз, 1.3 хувийг нь ашиглалтын лицензтэй газар нутаг эзэлж байна. Хайгуулын лицензийн тоо нь ашиглалтын лицензээсээ хоёр дахин бага болсон. Энэ бол бид урагшлах бус ухарч байгаа гэдгийг илтгэх баримт юм.