Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлнэ
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааннд салбар яамны бодлогын газрын төлөөлөл, харьяа агентлагууд оролцсон бөгөөд гурван асуудал хэлэлцэв. Үүнд,
- Газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийн удирдлагын системийн ажлын явцын талаарх танилцуулга,
- Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмыг танилцуулах,
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой шинээр ялгасан талбайн тухай танилцуулга,
Хурлын эхэнд Газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийн удирдлагын системийн ажлын явцын талаарх танилцуулгыг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцуулсан бөгөөд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг сайд Г.Дамдинням үүрэг болголоо.
Дараа нь, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын танилцуулгатай холбогдуулан төрийн ажил гацааж бусад аж ахуйн нэгжийн боломжийг хулгайлж буй тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид санхүүгийн өндөр хариуцлага хүлээлгэхийг салбарын сайд Г.Дамдинням санууллаа. Үүгээр, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ил тод, шуурхай болохыг илэрхийлсэн билээ.
Хуралдааныг даргалж буй салбарын сайд болон хуралдаанд оролцож буй гишүүд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын саналыг хэлэлцэн дэмжив.
Мөн гуравдугаар асуудал болох Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой шинээр ялгасан талбайн тухай танилцуулгыг сонссоноор хуралдаан өндөрлөсөн.
Хуралдааны төгсгөлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 12 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш өргөн барьж, энэ хаврын чуулганд багтаан хэлэлцүүлнэ гэдгийг яриандаа тодотголоо.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам