Тамирдсан эрчим хүчээ манай дарга нар аргадаж, домнож, залбирч, даатгаж явсаар өнөөдрийг хүргэсэн.
...Хамгийн их асуудал нүүрлэсэн салбарыг ХҮН нам хариуцан ажиллахаар болсон. УИХ-ын гишүүн Б.Найдалаа сайдын албаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсноор түүнд их ачаа, эрх мэдэл хамтдаа ирлээ.
Н.Учралын Засгийн газарт олон сорилт, бэрхшээл урд байна. Үүний нэг нь эрчим хүчний найдвартай хангамж.
Ирэх өвөл нөхцөл байдал дээрдэх эсвэл дордох эсэх нь Эрчим хүчний шинэхэн сайд Б.Найдалаа болон түүний бодлого зангидах яам, яамны үйл ажиллагаа, хариу арга хэмжээнээс ихээхэн шалтгаална.
Тамирдсан эрчим хүчээ манай дарга нар аргадаж, домнож, залбирч, даатгаж явсаар өнөөдрийг хүргэсэн. Зовлондоо гүн шигдсэн салбарт түмэн асуудал өнөө уул овоо мэт хуримтлагдсан. Өр, авлага ч их. Ажиллах орчин нөхцөл асар хүнд. Хүний амь нас яригдах хэмжээнд очсон. Хяналт суларсан. Ил тод байдал алдагдсан. Мерит зарчим орхигдсон. Худалдан авалт, тендер нь бас нэг хулгайн "хар нүх". Мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орсон. Станциуд нь технологийн хувьд ихээр хоцрогдсон, орчин цагаас хол хаягдсан. Усны зарцуулалт их. Механик ажиллагаатай.
Зах зээлийн бус аргаар "үзээд" буцахдаа шороо тээхэд хүрсэн. Үр дүнд нь эрчим хүчний систем бүхэлдээ хямрал руу шидэгдсэн.
Ноцтой осол гэмтэл тус салбарт олноор гарч, олон тэрбум төгрөгийн хохирол улсад учирч, олон инженер, техникийн нарийн мэргэжилтэн ажлаа хийж яваад амь насаа алдсан. Урсгал засвар нь холдсон. Монголчилсон. Элэгдэл, насжилт хэтэрсэн.
"4-р ДЦС барьснаас хойш төр 43 жил цахилгаан станц барьж босгосонгүй" гэж Ерөнхий сайд Н.Учрал хэлж байсан. Хөгжил ярьсан бидний бодит байдал энэ. Барьж босгох мянган боломжоо манай "эх оронч" түшээд олон удаа үгүйсгэж, бодит төслүүдийг хэрэгжих замд нь гацааж, улсаа импортын эрчим хүчний хамааралтай болгосон.
Хувийн хэвшлийн санаачилгыг зарим нь унагаж, бусдын "БЭТ" мэт эрчим хүчний салбараа туйлдуулж орхисон. Эдгээрийн уршгаар улсаараа цахилгааны хязгаарлалттай нүүр тулж, эрчим хүчний салбар эмзэг, эрсдэлтэй цаг үед байна.
Өнгөрсөн өвлийг улсаараа бид зутарч давсан. Нэн хүнд байлаа. Одоо ч нөхцөл байдал туйлын хүнд хэвээр. Энэ чигээр ирэх өвөл яах бол гэсэн хургасан жавар хавирга жиндүүлнэ. Улсаараа цахилгаан, дулааны алдагдалтай. Алдагдал нь өвөл болох тусам нэмэгдэж байгаа. Суурилагдсан хүчин чадал хэрэглээгээ гүйцэж чадахгүй байна.
Эдийн засаг өсөж, хотжилт үүсэж, хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж байгаа цагт эрчим хүчний хэрэглээ хумигдах бус тэлнэ. Хэрэглээ нь цаашид улам л өсөн нэмэгдэнэ.
Эрчим хүчний дутагдалд орчихсон манай улсад Тавантолгойн цахилгаан станц болон V цахилгаан станц олон арван жил яригдсан боловч одоо хүртэл цаасан дээр хэвээр. Энэ хоёр төслөөс V цахилгаан станц л одоо нэг урагшилж магадгүй нь гэсэн горьдлого төрүүлнэ.
Эрчим хүчний төслүүд шинээр хэрэгжихгүй бол, шинэ эх үүсвэр баригдахгүй бол эдийн засгийн өсөлт, хөгжил бид ярих боломжгүй. V цахилгаан станц салбарын хувь заяаг бүхэлд нь шийдэх ойрын төсөл. Хараат байдлаа бууруулах, өвлийн ачааллыг давах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах гол найдвар. Туулын хурдны замаас илүү нийслэлийн тулсан асуудлыг шийдвэрлэх шинэ эх үүсвэр л энэ улс оронд туйлын хэрэгтэй байна.