Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар /2026.04.29/ Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дэмжих зорилгоор “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай /”Ногоон”/ тогтоол баталсан. Дээрх тогтоолын хүрээнд нийт 5 байршилд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Үүнд:
-Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
-Дундговь аймаг, Сайнцагаан сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
-Булган аймаг, Орхон сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
- Хэнтий аймаг, Хэрлэн сум 20 МВт нарны станц, 15 МВт / 40 МВт.ц батарей хуримтлуур
- Өвөрхангай аймаг, Хархорин сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур багтаж байгаа юм. Эдгээрийн нь нийт 220 МВт нарны станц, 440 мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын хүчин чадалтай байх тооцоолол гарчээ. Дээрх байршлуудыг сонгохдоо тог цахилгаан тасарч, гэмтэл осол гарсан үед хөлдөх эрсдэл хамгийн өндөр байдлыг харгалзаж үзсэн байна.
Засгийн газрын “Ногоон” тогтоол гарснаас хойш 10 хоногийн хугацаанд эдгээр таван байршлын шаардлагатай газрын хэмжээ, газар эзэмшүүлэх асуудал, холбогдох бичиг баримтуудыг бэлтгэсэн байна.
Таван аймаг дахь сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу 12 дугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулах юм. Учир нь энэ төрлийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил нь нүүрсний станцуудтай харьцуулахад богино хугацаа зарцуулдаг байна.
Бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газар анх удаа Сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг /аукцион/ зарласан. Мөн өрсөлдөөнт сонгон шалгаруулалт нь нээлттэй, ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй, цахимаар явагдах зарчмыг мөрдөж байна.
Эрчим хүчний яам аукционы урилгыг вэбсайтдаа тавдугаар сарын долоонд байршуулсан. Зургаадугаар сарын 15-нд бүртгэл хаагдаж, долдугаар сарын нэгэн гэхэд ажлыг нь эхлүүлнэ.
Өнөөдөр /2026.05.12/ Ерөнхий сайд Н.Учрал Эрчим хүчний яамны төлөөллүүдтэй уулзаж, үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. Энэ үеэр сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд боломжоо ашиглаж, сонгон шалгаруулалтад бичиг цаасны ажлыг урьтал болгохгүйгээр ажлаа шуурхайлж, хэлсэн ярьсан хугацаандаа ашиглалтад оруулахад анхаарах шаардлагатайг онцолсон юм.
Өнгөрсөн өвөл эрчим хүчний системийн оргил ачаалал 1800 мВт хүрсэн. Ирэх өвөл 1950 мВт хүрэх тооцооллыг салбарын яам гаргасан байна. Дээр дурдсан таван аймагт нарны станц, батарей хуримтлуурын систем байгуулснаар оргил ачааллын үед 135мВт сэргээгдэх эрчим хүчийг нийлүүлэх юм байна.