Дулааны хоёрдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ
5 Цагийн өмнө
57
 Дулааны хоёрдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ
 
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Станц ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах юм.
Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй суурьшлын бүсүүдийн эрчим хүчний хангамжийг тогтвортой шийдвэрлэнэ.
 
Шав тавих ёслолд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар оролцож байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нээж үг хэлэхдээ“Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч, улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг бүрдүүлж байна. Нийслэлийн эрчим хүчний хэрэглээ жил бүр тогтвортой өсөж, 2025 оны өвлийн оргил ачаалал 1,700 мегаваттыг давж, 12 дугаар сард 1,743 мегаваттад хүрсэн. Үүний зэрэгцээ хамгийн бага ачаалал 1,284 мегаваттад хүрсэн нь хотын суурь хэрэглээ өндөр түвшинд хүрснийг илтгэж байна. Энэ нь Улаанбаатар хотын эрчим хүчний систем өнөөдөр ачааллын дээд хязгаарт тулж, нөөц чадлын хувьд хязгаарлагдмал нөхцөлд ажиллаж байгааг харуулж байна. Ялангуяа баруун бүсийн шинэ суурьшлын бүсүүд, орон сууцжуулалтын хурдацтай өсөлт нь дулаан, цахилгааны шинэ эх үүсвэрийг яаралтай бий болгох шаардлагыг үүсгэж байна.
 
Ийм нөхцөлд нийслэлийн зүгээс эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох асуудлыг бодлогын тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, төрийн түншлэгчийн хувьд энэхүү төслийг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй оролцож байна.
 
Тус станц нь 300 мегаватт цахилгаан, 340 гигакалори цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах юм. Төсөл хэрэгжсэнээр Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөртэй, эрчимтэй тэлж буй бүсүүдийн хэрэглээг тогтвортой хангана. Төслийн хэрэгжилтийг хурдасгах хүрээнд газар чөлөөлөлт, дэд бүтцийн холболт, техникийн нөхцөлүүдийг шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын уялдааг хангах чиглэлд нийслэлийн зүгээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна” гэв.
 
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй бөгөөд түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил, үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төслийн барилга угсралтыг 2028 онд ашиглалтад оруулах юм. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.