TMK Energy метан хийгээр эрчим хүч үйлдвэрлэхээр “Дашваанжил Групп” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy Limited (ASX:TMK) компани болон түүний Монгол дахь төсөл хэрэгжүүлэгч “Тэлмэн Ресурс” ХХК нь Монголын тэргүүлэгч LPG импорт, түгээлтийн компани “Дашваанжил Групп” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээ нь "Гурвантэс-XXXV" төслийн хүрээнд Монгол улсад анхны хийгээр ажиллах цахилгаан үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэх томоохон алхам болж байна. Анхны гэрээгээр 1 МВт хүртэлх хүчин чадалтай цахилгаан станцыг туршилт-олборлолтын цооногийн талбайн ойролцоо байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд туршилтаар олборлож буй байгалийн хийг үндсэн түлш болгон ашиглаж, Дашваанжилын LPG-ээр нөхөж ажиллуулах давхар түлшний шийдлийг бий болгоно.
Төслийг модулиар угсардаг, өргөтгөх боломжтойгоор зохион бүтээх тул ирээдүйд олборлолт нэмэгдэхийн хэрээр хүчин чадлыг өсгөх боломжтой юм. Төсөл нь гурван үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний шатанд инженерчлэл, зураг төслийн ажил нэн даруй эхэлж 2026 оны II улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хүрээнд Дашваанжил Групп нь доод урсгалын дэлгэрэнгүй инженерийн судалгааг өөрийн зардлаар хариуцан гүйцэтгэж, “Тэлмэн Ресурс” ХХК нь дээд урсгалын хээрийн ажлыг бүхэлд нь хариуцахаар тохиролцлоо.
Үүний дараа арилжааны гэрээ болон текник эдийн засгийн үзүүлэлтэд үндэслэн худалдан авалт, барилгын ажил үргэлжилж, эцэст нь 2026 оны III улирлын төгсгөлд анхны цахилгаан үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь “Тэлмэн Ресурс” ХХК-ийн нүүрсний давхаргын метан хийн төсөлд найдвартай, зардал багатай эрчим хүчний хангамжийг бий болгохоос гадна үлдсэн цахилгааныг орон нутгийн хэрэглэгчид, ялангуяа нүүрсний уурхайнуудад борлуулах боломжийг нээж байна.
Энэхүү санамж бичиг нь компанийн хувьд томоохон амжилт төдийгүй ирээдүйн хийн арилжааны борлуулалтад шилжих замналд чухал алхам болж байгааг онцлон тэмдэглэв.