Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн болон банкны удирдлагууд “Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб”-ын сэтгүүлчидтэй уулзаж, Банкны үйл ажиллагаа, хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Хөгжлийн банкны одоогийн бодит нөхцөл байдлыг харгалзан богино хугацаанд хэвийн үйл ажиллагаанд шилжих, шинээр эх үүсвэр татан төвлөрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, хууль эрх зүй, засаглал, үйл ажиллагааны цогц шинэчлэл хийх, чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу хангуулахад банкны удирдлагын баг, Эдийн засаг, хөгжлийн яамнаас онцгой анхаарч “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай тогтоолын төслийг Засгийн газарт танилцуулаад байна.
Тогтоол батлагдаж, хэрэгжилт хангагдсаны дараа Хөгжлийн банкны эрсдэл даах чадвар нэмэгдэж, олон улсын хөрөнгө оруулагчдад тус банкны хувьцаа эзэмшигч болох Засгийн газрын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлж байгааг бататгах бөгөөд улсын төсвийн нөөц боломж хязгаарлагдмал байгаа энэ үед эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад шаардлагатай эрчим хүч, дэд бүтцийн төслүүд болон Засгийн газрын мөрийн хөтөлбөр, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх урт хугацаатай, хямд өртөгтэй эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлэх, шаардлагатай санхүүжилтийг цаг алдалгүй хийх боломж бүрдэх юм.