Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.03.24./ Эдийн засаг, хөгжлийн яаманд “Шатахууны үнийн зөвлөл”-ийн төлөөллийг хүлээн авч уулзан, цаг үеийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтаар Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнтэй холбоотойгоор олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг бууруулах бодлогын шийдлийн талаар хэлэлцэв.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт нь манай улсын импортын инфляцын гол шалтгаан болж байна. Иймд богино хугацаанд үнийн огцом өсөлтөөс үүдэх дарамтыг бууруулах, дунд хугацаанд зах зээлийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй” гэдгийг онцлов.
Түүнчлэн төрөөс хэрэгжүүлэх бодлого нь зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зарчимд тулгуурлах ёстойг тэмдэглэлээ. Уулзалтын дүнд холбогдох байгууллагуудын саналыг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.