Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалт 10 хувийн гүйцэтгэлтэй байна
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2026.03.13/ Гашуунсухайт боомтод ажиллаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүйцэтгэгч Хятадын төмөр замын барилгын гүүрийн товчоо групп компанийн ТУЗ-ийн дарга Зоу Гоуннан болон холбогдох албаныхантай уулзлаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус уулзалтаар барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, ажиллах хүчний квотоор батлагдсан инженер техникийн ажилчдын бичиг баримтыг шуурхай бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Төслийн хүрээнд төмөр замын доод бүтцийн газар шорооны хөрс хуулах, жаазан гүүрийн их биеийн бетон цутгалтын ажил, дөрвөлжин, дугуй хоолойн их биеийн бетон цутгалтын ажлыг 13 байршилд хийсэн байна.
Нийт 9,5 км гүүр баригдахаас 1330 ширхэг шон суурь өрөмдөх, тулгуурын хөндлөн нуруу байгуулах, завсрын тулгуур барих ажлыг хийлээ.
Эрчим хүчний ажлын хүрээнд 35/10 кВ-ын 3 хэлхээт түрцахилгаан хангамжийг 4 километрт угсарч, барилга байгууламжийн ажлын хүрээнд суурин ухмал, авто замын түвшин хэмжих ажил хийгдсэн байна.
Тус бүтээн байгуулалт нь нарийн царигийн 10,8 км, өргөнцаригийн нь 8,7 км төмөр замтай, 32,6 км дэлгэмэл урттай, нарийн царигаар 20 сая тонн, өргөн царигаар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын экспортын хүчин чадлыг 30 сая.тонноор нэмэгдэж, тээврийн өртөг буурна.
Монгол Улс Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн хоёр дахь гарцтай болж, экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10.000 ам.долларт хүрэх тооцоолол хийгдэж байна.
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, тээвэрлэлт хийгдэж эхэлснээр 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болно.
Цаашид Монгол-Хятадын Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал хилийн боомтууд төмөр замаар холбогдох нөхцөлийг бүрдүүлнэ.