Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр тохиролцжээ
Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр дахин уулзаж, хэлэлцээг үргэлжилж байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй санал болон “Оюу толгой” ХХК-ийн төлж буй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар санал солилцжээ.
Тодруулбал, төслийн ирээдүйн эерэг хүлээлт, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн зах зээлийн төлөв, мөн төслийн хэрэгжилтийн үе шат зэрэг хүчин зүйлстэй уялдуулан зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцсэн байна.
Мөн зээлийн хүүгийн одоогийн нөхцөл, төслийн санхүүгийн бүтэц, эрсдэлийн үнэлгээ, ирээдүйн мөнгөн урсгалтай холбоотой байр суурь, үндэслэлээ харилцан танилцуулж, нээлттэй хэлэлцэх нь зээлийн хүүг бууруулах бодит шийдэлд хүрэхэд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгджээ. Иймд энэ сард дахин уулзаж, Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.