Орос, Монголын харилцаанд шинэ үе эхэлж байна
Орос, Монголын харилцаанд шинэ үе эхэлж байна
Аян замын тэмдэглэл

-УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д яах гэж айлчлав-

Барууны ихэнх орнууд худалдаа, эдийн засгийн харилцаагаа тасалж, нүүр буруулан, дэлхийн томоохон брэндүүд цөм гарч одсон уудам Орос орон. Ихэд сунжрах Орос-Украины дайн, олон улсын хориг арга хэмжээ нь хойд хөршийн эдийн засаг, бизнесийн орчинд сүүдрээ унагаж, олон улс дахь нэр хүнд, байр суурийг нь тэр хэрээр сульдааж, тэд дэлхийн тавцанд ганцаардаж буй нь нэгэнт ил болсон.

Москва их хөлийн газар. Улсын нийслэлд харуул хамгаалалт, цэрэг дайны ул мөр харин төсөөлж байснаас харин тэс ондоо байв. Амар тайвнаар ажил, амьдрал энд нэгэн хэвийн урсах. Амгалан Арабтын гудамж, Улаан талбай орчмоор Хятад жуулчдын групп аяллын баг хаа сайгүй хөлхөлдөнө. Москва шинэ жилийн гоёлоо хараахан тайлаагүй байна. Энэ байдал нь эргэн тойрондоо өнгө гэрэл, баяр баясал нэмнэ. 

631718577_1318915526931988_2933345800516816700_n 

Хойд хөрш нөхцөл байдалдаа дасан зохицож, дотоод нөөц боломжоо илүүтэй ашиглан аж төрж байна уу гэж бодогдсон. Дэлхийн брэндүүд гарч явсан нь нэг талаар тэдэнд дотоод зах зээлээ энэ үед нь тэтгэн хөгжүүлэх, өөрсдөө чадах зүйлээ үйлдвэрлэх, худалдаа, үйлчилгээний салбарт уугуул брэндээ санал болгох хүч тэнхээ өгчээ. Ийм цагаар нь хаяа залган хиллэх хөршийн парламентийн дарга эртнээс товлосон урилга заллагыг нь хүндэтгэн, төрийн залгамж чанарыг хадгалан их цаснаар их түүхээр холбогдсон Москва хотноо Монгол Улсын төрийн далбаат Чингис хаан онгоцоо хөлөглөн Внуковогийн олон улсын нисэх буудалд газардлаа.

Энэ буудалдаа хөршүүд улс орнуудын төр засгийн тэргүүн нар, өндөр түвшний зочдоо хүлээж авдаг юм байна. УИХ-ын даргыг ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, хоёр улсын хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев угтан авсан юм. Хоёр улс парламент хоорондын харилцааг эртнээс хөгжүүлж, үе үеийн УИХ-ын дарга нар нэг нэгэндээ айлчилж ирсэн байдаг. 

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа нь энэ.

632314893_1379493550889149_1459192527067289375_n 

11 цагийн бүстэй, хүний хөл хүрээгүй зах хязгааргүй, өргөн тэнүүн нутагтай Орос оронд бид төвөггүй, тухтай яваад ирлээ. Гавьяат нисгэгч Ганбаатар болон түүний нисэх баг 6 цаг, 55 минутыг Улаанбаатараас Москва хүртэл зарцуулжээ. Хойшоо нисэхэд салхи сөрдөг, өгсөж туулдаг учраас буцахаас илүү удаан явдаг гэх юм билээ. Ирж, буцах нь ийм ялгаатай. Улс төр, гадаад харилцааны хувьд ч наашаа ирнэ гэдэг цаг мөнхийн сорилттой. Эгийн голын усан цахилгаан станц төсөл хөдлөх эсэх, Улаанбаатар төмөр замын парк шинэчлэл, бензин, шатахууны тогтвортой нийлүүлэлт, үнэ тариф, эрчим хүч гээд заавал ярилцах сэдэвтэй хоёр тал нүүр тулна. Байнгын сэдвүүд ч байна. Бултах зам энд үгүй. Шийдэх л ёстой амин чухал асуудлууд биднийг хэлэлцээрийн ширээнд хэдэнтээ суулгадаг. Энэ удаагийн айлчлалаар ч эдгээр асуудал хөндөгдөх нь дамжиггүй. 

Унаж ирсэн хөлгийн цонхоор зогсоолдоо нозоорон үүрэглэх тэдний онгоцууд цасан хучлагатай харагдана. Ойрд хаашаа ч нисээгүй гэмээр төрх байдлыг олжээ. Гадаа сүүмгэр, хүйтэн зэврүүн байгаа шинжтэй. Хүйтэн цаг агаараас бас нэгэн хүйтэн цаг агаартай, хүний газар бид буув аа. Москва, Улаанбаатар хотын хооронд 5 цагийн зөрүүтэй.

Энэ жил Орос даяар цас ихээр унаж, сүүлийн 200 жил шахам орж байгаагүй их цас тэдэнд их ажил уджээ. Гэвч тэд энэ их цасандаа дарагдаж, түүндээ зутарсан шинж огтоос алга. Орсон даруйд нь хүчирхэг техник, хүний хүчээр дор нь цэвэрлээд, хаа сайгүй давс ихээр цацсан харагдана. Зам, талбай цасны мөргүй. Хайлмагтсан цас хавар болж байгааг бас сануулна... Харилцаа, хамтын ажиллагааг хүртэл хоёр талын уйгагүй хичээл зүтгэл, уулзалт, айлчлалаар эерүүлж, зөөлрүүлнэ. Хандлагыг өөрт ашигтайгаар эргүүлнэ. Ингэх гэж л аливаа айлчлал төр засгийн түвшинд хийгддэг. 

629319356_1318915153598692_763930189485816624_n 

Дайнд хүнд хүчир ажил нугалдаг эрчүүд нь яваад барилга, хот, нийтийн аж ахуйд ажиллах хүний тоо ч багассан гэх. Унаган оросууд хүнд хүчир ажил хийх нь нэн ховордож, оффист суух аль эсвэл өөрийн эдлэндээ суун түрээс, түмэн аж ахуйн орлогоороо амьдарч, хар бор ажлаас ихэд хөндийрчээ. Ахуй амьжиргаа нь ч тэр хэрээр сайжирсан юм байна. Хийх хүн олдохгүй ажлыг нугалах ажиллах хүчнийг оросууд гаднаас импортлоод эхэлж. Үйлчилгээний салбар нь аль хэдийнэ ажиллах хүчний хомсдолд орж, өөр орноос ажилтан авдаг болсон гэнэ. Энэтхэг улсаас гэхэд л өчнөөн ажиллах хүч авахаар хоёр тал тохиролцоонд хүрчээ. 

51d832a8-8710-420d-a6cf-78748a6667c0  

Хүнд цаг үед наашаа гэсэн хүнээ л хүн мартдаггүй, тусыг нь санаж сэрж явдаг. Үүний нэгэн адил эрт урьдын уламжлалт харилцааг хадгалан, энх тайвнаар зэрэгцэн орших Монгол Улс хэзээд хойд, урд хоёр хөршөө гадаад бодлогын тэргүүн зэрэгт тавьж, эгнэгт орших эрх ашгаа тэнцвэржүүлэх гэж цаг үргэлж ухаан зарж ирсэн. Хариу үр дүнд нь ОХУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод 105 жил болж байна. Өнөө жил тохиох өндөр ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал ярьж, хэлэлцээд эхэлж байна. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин 105 жилийн ойд туйлын ач холбогдол өгч, хоёр талаас түүхэн харилцааг төгөлдөржүүлэх итгэл найдварыг урт холын ирээдүйгээр зураглаж байна лээ.

УИХ-ын дарга Н.Учрал албан айлчлалынхаа хоёр дахь өдөр нь ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэв. В.В.Володин даргын хувьд 2023 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд тэрбээр парламент хоорондын хамтын ажиллагааг ихээхэн чухалчилж байлаа. Энэ удаагийн айлчлал хоёр орны парламент хоорондын харилцааг эдийн засгийн бүрэн агуулгаар баяжуулж, айлчлалын бүрэлдэхүүнд манай хувийн хэвшил илүү олуулаа ирцгээсэн юм. 

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчлах өдрүүдэд Улаанбаатарт цахим орчинд түүний айчлалыг үгүйсгэсэн, хойд хөршөө элдвээр хэлсэн сэтгэгдэл ч мэр сэр харагдаж байсан. Ардчилсан орны давуу тал нь үзэл бодлоо нээлттэй, чөлөөтэй илэрхийлэх орон зай юм. Бид заримдаа энэ эрх чөлөөгөө хэтрүүлэн эдэлж, эсвэл хэтэрхий нэг тал руу туйлшрах гээд байдаг. Гэхдээ гадаад харилцааг өнгөц дүгнэж, эсвэл илт үгүйсгэж боломгүй юм.

Бид эх орноо аваад нүүгээд явж чадахгүй. Тиймээс хажуу айлтайгаа эв зүй, учраа ололцож, ур ухаан уралдуулж, нүүр тулан ярилцах, нэгэндээ орж гарч байх нь хөрш орнуудын хувьд зүй ёсны харилцан хүндэтгэл юм. Хүн хооронд хүртэл уулзахгүй удах тусмаа л ойлголтын зөрүү, үл ойлголцол эсвэл нэгэндээ гомдох, туних сэтгэгдэл төрөх гээд байдаг. Үүнтэй агаар нэг билээ. 

УИХ-ын дарга Н.Учрал гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлж, айлчлалаар дамжуулан хөршийн харилцааг бататган нягтаршуулж, парламент, худалдаа, эдийн засгийн идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаагаар төрөлжүүлэх яриа, хэлэлцээг идэвхжүүлэхэд илүү их санаачилга гаргаж байлаа. Айлчлал бүхэлдээ халуун дулаан уур амьсгал дунд үргэлжилсэн юм. УИХ-ын даргын хувьд анхны албан айлчлалаа хойд хөрш, ОХУ-д хийж буй нь цаг үеэ олсон гэдгийг гадаад бодлогыг шинжлэн дүгнэх учир мэдэх улс хэлж, сайшаан дэмжсэн байсан. Оросууд ч тус айлчлалыг ихээхэн хүндлэл хэмээн үзэж, сэтгэл ханах маягтай. 

632513243_1379496414222196_1606655434215643449_n 

Олон тулгуурт гадаад бодлогыг онцгойлон авч үзэх болсон манай улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын түр хэлэлцээрт нэгдээд байгаа. Евразийн зах зээл угтаа энүүхэнд. Гэвч өнгөрсөн хугацаанд өндөр татвар, эрүүл ахуй, хорио цээр, техникийн өндөр шалгуур, тарифын болон тарифын бус саад тотгор, хил гаалийн хүнд суртал, элдэв дарамт шахалтаас болоод энэ зах зээл тэртээд байлаа. Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоотой олон удаагийн яриа хэлэлцээ хийж, 3 жилийн хугацаатай түр хэлэлцээр байгуулснаар Монголын бараа, бүтээгдэхүүнд шинэ зах зээл нээгдэж байна. Энэ боломжийг хэрхэн үр ашигтай, өгөөжтэй ашиглах нь хувийн хэвшлийн ажил болж байгааг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав учирлаад, Засгийн газар, хувийн хэвшлийн манлайлал одоо чухал гэдгийг нэмж хэлсэн юм.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа хөшүүн, тэр тусмаа сүүлийн 10 гаруй жилд ОХУ-тай хийсэн худалдаа ихээхэн алдагдалтай, нэр төрөл ч дорвитой өсөн нэмэгдээгүй. Үндсэндээ царцсан үг. Импорт л дээшээ явж өгсөн. Уул уурхайн дотоодын үйлдвэрлэлийг даган газрын тосны бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор импорт өсөж, худалдаа улам тэнцвэргүй болсон. Хоёр улсын хооронд жилд 2.5 тэрбум ам.долларын худалдаа хийгдэж байна. Түлш шатахуун, бордоо гээд цөөн төрлийн бүтээгдэхүүнийг хойд хөршөөс авч байгаа бол манайх жилд 100 хүрэхгүй сая ам.долларын экспорт хийж байгаа юм.

Евразийн түр хэлэлцээр нь чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг хурцалж, монополь байдлыг халах төдийгүй, эрэлт, нийлүүлэлтээс ургасан бодит үнэ зах зээлд тогтох, улмаар өрхийн үүдээр орох бараа, бүтээгдэхүүний үнэ хөөсрөхгүй байх, айл өрх, аж ахуйн нэгжийн зардлыг бууруулж, хуримтлалыг өсгөхөд ашиг тусаа илүүтэй өгөх учиртай. Ингэснээр хэлэлцээр байгуулсны ач холбогдол тодорч, амьдралын чанарыг дээшлүүлж, бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, үнэ бодитоор тогтох, тогтворжих, инфляцын дарамт хөнгөрөх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Түр хэлэлцээрийн хүрээнд манайхаас нийт 367 бараа, бүтээгдэхүүн татварын хөнгөлөлт эдэлнэ. Эдгээр бараа, бүтээгдэхүүний 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн гаралтай. Үүнд ноос ноолуур болон мах, махан бүтээгдэхүүний төрөл түлхүү хамаарч байна. Монголын өмнө 200 сая орчим хүн амтай, өргөн уудам зах зээл байна. Энэ бол Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдаа арилжаа хийх түр хэлэлцээрээр бүрдсэн талбар юм. Манайхаас хийх экспорт 25 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгаа гаргажээ. 

УИХ-ын даргын санаачилсан "Чөлөөлье" санаачилга чөлөөт зах зээлд өрсөлдөөнийг дэмжих, төрийн оролцоог хумих, хувийн хэвшилд нь эрх чөлөөг нь өгч, хүнд суртлыг халах, чөдөр тушаа болсон, хуулиас давсан олон журам, давхардсан зөвшөөрлийг цөөлөхөд чиглэж буй. Манай бизнес, эдийн засгийн орчинд ус агаар шиг хэрэгтэй дэмжлэг дээрх санаачилгын үр дүнд бүрдэнэ гэж ихээхэн найдаж, олзуурхаж байгаа.

 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д хийсэн албан айлчлалынхаа эхний өдөр Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзаж, Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотоо гардуулав. Тус хэлэлцээрийг УИХ оны өмнө баталсан юм. Эдийн засаг, худалдаа талаас нь авч үзвэл, хоёр улсын харилцаанд Түр хэлэлцээр түүхэн ач холбогдолтой нь байв. 

Худалдааны түр хэлэлцээрийг Орос, Беларусь, Казахстан зэрэг улсын парламентууд соёрхон баталж, үлдсэн нь ойрын үед хүчин төгөлдөр болгохоор шамдаж байна. Цаашид хэлэлцээрт тусгагдсан зохицуулалтуудыг бодит ажил хэрэг болгох, гаалийн болон бусад стандартын зөрүүг арилгах, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг үе шаттайгаар бууруулах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын үеэр цохон тэмдэглэсэн юм. 

631264526_1378627347642436_1753539923832094272_n 

Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй түүний эдлэнд уулзсан юм. Манайхаар "Их тэнгэр" нь юм уу гэмээр хотын захад тэд уулзсан. Анхны байршил Кремль дотор байсан ч товлолт газар гэнэт өөрчлөгдсөн нь аюулгүй байдалтай холбоотой гэж хожим нөгөө талаас залруулсан. Онцгой нөхцөл байдал учраас хойд хөршийн удирдагчид өөрсдийн аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулж, хамгаалалт өндөр зэргээр тавигджээ.

Н.Учрал болон Д.А.Медведев нар нэг зүйлээрээ ижил. Аль аль нь намын дарга. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведев монголчуудын хувьд эртний мэдэх улстөрч. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины шадарлах ойрын нөхөр. 

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой айлчлалын гурав дахь өдрөө албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож, илэн далангүй ярилцсан нь харилцааг улам ойртуулах, харилцан ойлголцлыг бататгахад чухал алхам болсныг албаны хүмүүс хэлж байлаа. Ингэж нүүр тулан уулзаж, ажил асуудлаа ярьж ойлголцоно гэдэг үнэхээр чухал юм.

Дээрх уулзалтын үеэр Монголын их өрийг дарахад В.И.Матвиенко даргын оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга Н.Учрал Холбооны Зөвлөлийн ордонд нь гардуулан өгөв. Их өр бол эртний сэдэв юм. Хатагтай В.И.Матвиенко одоогоос 12 жилийн өмнө манай оронд айлчилж байсан. Тэрбээр Монголын талаар өргөн мэдлэгтэй нэгэн.

633517377_1380631884108649_4945586238134936525_n 

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш гэдгийг цохон тэмдэглээд, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хэлхээ, холбоо чухал үүрэгтэйг онцгойлон үзэв.

Айлчлалын хүрээнд хоёр улсын парламентын хамтын ажиллагааны комиссын хоёрдугаар хуралдаан зохион байгуулагдаж, үүгээр хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт болон төмөр зам, агаарын тээврийн асуудлыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ярилаа. Мөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлд хоёр тал онцгой анхаарал хандуулах шаардлагатайг  илэрхийлсэн. Манай улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн болон эрчим хүчний ихээхэн хамааралтай өдий хүрсэн. Шатахууны тогтвортой нийлүүлэлтэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням санаа чилээж, хойд хөршийн Эрхүү муж орчим түр хугацаанд түлш шатахуун нөөцлөх, түрээслэх савны асуудлыг шийдэж чадсан юм. 

633395383_1380599924111845_7539599001215232680_n  

УИХ-ын даргын албан айлчлалыг амжилттай зохион байгуулахад ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олон дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ зүтгэж, тал талд хуваарилагдан, хамгийн эрт сэрж, хамгийн орой унтаж байлаа. Тэд бизнес хэлэлцүүлэг, бизнес форум, албан уулзалтууд, цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол гээд гагцхүү айлчлал үр дүнтэй болоход хувь нэмрээ хамгийн ихээр өгч байгааг дэргэдээс нь харж явлаа.

УИХ-ын дарга Н.Учралд Оросууд гүн сэтгэгдэл үлдээх шаардлага асар их. Манай талаас ч мөн ижил байсан нь тодорхой. Учир нь, Монголын төрд өнөө засаглах эрх баригч намын дарга, хууль тогтоох дээд байгууллага парламентийн спикер, шинэ үеийн улстөрч, баруунд төгссөн, англи хэлтэй, олон жил гацсан Монголын ураны төслийг урагшлуулсан, урагшлуулах дохиог Францтай буюу гуравдагч орны хөрөнгө оруулагчтай тохиролцон эхлүүлсэн, сансар судлалд мөн л гуравдагч орны оролцоог дэмжсэн гээд Учрал гэж хувь улстөрчийн замнал ихийг тэдэнд хэлэх. Нэг талаар шинэ үеийн монголчууд Орос бус Англи хэлээр дэлхийтэй ойлголцдог болсон нь Монголыг тэд илүүтэй сонирхох, ойртон түншлэх, монголчуудыг шинээр таньж мэдэх, нөхөрлөх хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна. 

Албан айлчлал энэ хүрээд өндөрлөх дөхжээ.  

Буцах өдөр Москвад том, том нэвсгэр цагаан цас будран бууж байна. Монголд сар шинийн яриа хөөрөө айл, айлд өрнөж,  алс Москва хотод хийсэн УИХ-ын дарга Н.Учралын албан айлчлал хоёр улсын харилцаанд шинэ үеийг эхлүүллээ. 

2026.02.15, Улаанбаатар хот  

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.