Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаж, дараах асуудлаар санал солилцлоо
9 Цагийн өмнө
62
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаж, дараах асуудлаар санал солилцлоо
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр боллоо.
 
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. 2030 он хүртэл тус сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байхаар хуульчилсан. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлийн санхүүжилт зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит хэрэгцээтэй нийцэж байгаа эсэхийг бодлогын түвшинд нягтлах шаардлагатайг хөндөж ярилцав.
 
-“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” Үндсэн хуулийн заалтыг бодит ажил хэрэг болгох Засгийн газрын зорилтыг дэмжиж, хамтран ажиллаж буй ААН-үүдэд Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.
 
-Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэг маргаан биш. Харин аль хувилбараар ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны өгөөж очих вэ гэдгийг бодитоор шийдэхэд, жишиг тогтооход оршиж байна. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудын үр өгөөжийг төр авч, ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.
 
-Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай болон Татварын багц хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн бариад байгааг мэдээлж, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгааг дурдлаа.
 
-Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний баялгийн сангийн хуримтлал, зарцуулалтын уялдаа, стратегийн ордууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, бизнесийн орчинд ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлж, саналаа нээлттэй солилцлоо.
627048269_1448928336789885_9000928735273732616_n
 
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.