С.Наранцогт: Цаашид макро, санхүүгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 1 дүгээр сарын 16-ны өдөр ээлжит бусаар хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувиар шинэчлэн тогтоох;
- Банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 1 нэгж хувиар нэмэгдүүлж, харгалзан 14 хувь болон 19 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү бодлогын шийдвэрүүдийг гаргахад дараах хүчин зүйлсийг харгалзан үзлээ. Үүнд:
- Эдийн засгийн өсөлт эхний 11 сарын байдлаар 6.4 хувийн өсөлттэй байна.
- Хэдийгээр мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа ч зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдсаар байна. Тухайлбал, 2025 оны 11 дүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн байна.
- Хэрэглээний зээлийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлэх боломжтой.
- Эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно. Цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа!