Монгол Улсад үнэт цаасны зах зээл үүсэж, Хөрөнгийн бирж байгуулагдсаны 35 жилийн ой тохиож байна
Монгол Улсад үнэт цаасны зах зээл үүсэж, "Монголын хөрөнгийн бирж" ХК байгуулагдсаны түүхт 35 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ, цан цохих ёслол өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүү, Эдийн засгийн их сургууль, Голомт банк, Хаан банк, Хас банк, Голомт банк зэрэг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон хамтран ажиллагч байгууллагуудын удирдлагууд, ахмадууд, үе үеийн албан хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Мөн арга хэмжээний үеэр 35 жилийн ойг тохиолдуулан биржийн түүхэн барилгад дурсгалын самбар босголоо. Монголын Хөрөнгийн Биржийн барилга нь Улаанбаатар хотын төв хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний хүрээнд 1948 оны 7 дугаар сарын 8-нд хүүхдийн кино театрын зориулалтаар баригдан ашиглалтад орсон бөгөөд Монгол Улсын түүх, соёлын үнэт өвд хамаарах түүхэн дурсгалт барилга бөгөөд улмаар 1991 оны 5 дугаар сарын 2-ны Ардын Их Хурлын өдрийн 130 дугаар тогтоолоор энэхүү барилгыг Монголын хөрөнгийн биржийн эзэмшилд албан ёсоор шилжүүлсэн түүхтэй.
Байгууллагын 35 жилийн ойд зориулан бүтээж буй энэхүү дурсгалын самбар нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн эхлэл, түүхэн замнал, үнэт өвийг олон нийтэд таниулан сурталчлах, түүхэн үнэ цэнийг бататган үлдээх зорилготой юм. Арга хэмжээний төгсгөлд Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7631 дахь удаагийн арилжааг нээх цан цохилоо.
Эх сурвалж: "Монголын хөрөнгийн бирж" ХК