Монгол Улсын хөгжлийн бодлогын төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо
1 Өдрийн өмнө
115
Монгол Улсын хөгжлийн бодлогын төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска, НҮБХХ-ийн Бүсийн төвийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан зөвлөх Давид Слэттери тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын хөгжлийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

НҮБХХ-ийн зүгээс Монгол Улсын хөгжлийн бодлогын төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, уг тогтолцоонд цахим шилжилтийг нэвтрүүлэх, ил тод байдал, олон нийттэй харилцах механизмыг сайжруулах чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж ирснээ онцлон тэмдэглэв.

Мөн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдсан, хэмжигдэхүйц үзүүлэлтэд суурилсан, хариуцлагатай хөгжлийн төлөвлөлтийн ач холбогдлыг онцгойлон дурдлаа. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар НҮБХХ-тэй Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC), улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад нягт хамтран ажиллаж ирснийг талууд онцоллоо.

economy_2601191 

Цаашид Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн эрх зүйн орчныг сайжруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.