Монгол Улсын Хөгжлийн банк хүнд цаг үеэ даван туулаад байгаа. Тус банкны гүйцэтгэх захирал Ж.Батаа “Манай улсын эдийн засгийн мөчлөгөөс харахад уул уурхайн экспорт сайн, өндөр дүнтэй явж байгаа ч гэсэн боловсруулах үйлдвэр байдаггүй. Үүн дээр орж ажиллах сонирхолтой аж ахуй нэгж цөөхөн байна. Тэгэхээр ойрын хугацаанд Хөгжлийн банкны зүгээс энэ чиглэлд анхаарч ажиллана” хэмээн оны өмнө хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн.
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Энэхүү сэргэлтийг "Олборлолтоос-Боловсруулалт" хэмээн томъёолсон. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхий чигээр нь экспортлох бус угаах, баяжуулах, нэмүү өртөг шингээх замаар үнэ цэнийг нь өсгөх, өрсөлдөх чадвартай болгоход бодлогын алхмыг эхлүүлсэн. Тиймээс Хөгжлийн банк уул уурхайн салбарын боловсруулах үйлдвэрийг дэмжих, энэ төрлийн төслүүдэд зээлийн санхүүжилтийг 2024 онд олгох хүлээлттэй байна.