Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил бодлогын судалгааны үр дүнг танилцууллаа
3 Өдрийн өмнө
61
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил бодлогын судалгааны үр дүнг танилцууллаа
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) санаачилж, Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран бүтээсэн “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил” бодлогын судалгааны үр дүнг олон нийт, оролцогч талуудад өнөөдөр танилцууллаа. Энэхүү судалгаа нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийн түвшнийг олон улсын аргачлал, харьцуулалт, бодит өгөгдөлд тулгуурлан үнэлж, зах зээлийн хөгжлийг хязгаарлаж буй институцын, хууль эрх зүйн болон дэд бүтцийн хүчин зүйлсийг тодорхойлох, улмаар цаашдын бодлого, зохицуулалтын оновчтой шийдлүүдийг боловсруулах зорилготой аж.
 
Монгол Улсад орчин цагийн хөрөнгийн зах зээлийн тогтолцоо бүрэлдэн хөгжөөд 35 жил болж байгаа хэдий ч хөрөнгийн зах зээлийн хэмжээ нь хөгжиж буй орнуудаас 4 дахин, дэлхийн дунджаас 7 дахин, өндөр хөгжилтэй орнуудаас 9-10 дахин бага үзүүлэлттэй байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжлийг дэмжих нэгдсэн бодлого, түүний дэд бүтцийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар удирдах засаглалын асуудлууд нь зах зээлийн хөгжлийг хязгаарлах гол хүчин зүйлс болж байна.
 
Хөрөнгийн зах зээлийн хөгжил сул байх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дараах сөрөг үр нөлөөг бий болгодог байна.
Үүнд:
● Дунд урт хугацаатай эсвэл дэд бүтцийн төслүүдэд үүсвэр татахад хүндрэл үүсгэх:
● Зээлийн санхүүжилт нь бондын санхүүжилтээс өндөр байх:
● Банк давамгайлсан зах зээлд жижиг, дунд бизнесүүд эх үүсвэрийн дутагдалтай, өсөлт үзүүлэх боломж бага болох:
● Эдийн засгийн үр ашигтай салбарт хуваарилалт хүртээмжгүй, өсөлтийг хязгаарлагдах:
● Хөрөнгө оруулалтын сонголт бууснаар үл хөдлөх хөрөнгө, алт, банкны хадгаламжид иргэд хөрөнгөө байршуулдаг тул үнийн хөөргөдөл үүсгэх эрсдэлтэй болох:

Уг судалгаа нь эдийн засгийн онолын үндэслэл, оролцогч талуудын санал бодол, статистик болон хууль, эрх зүйн орчны өгөгдөлд суурилсан үнэлгээ болон олон улсын тэргүүн туршлагад суурилан хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бодлогын хүрээнд сайжруулах санал зөвлөмжийг боловсруулсан.

Хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг дараагийн шатанд гаргахын тулд хөгжлийн бодлого, засаглалыг сайжруулах, зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийг татах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, татварын бодлогоор дэмжих, дэд бүтцийн хөгжлийг технологийн дэвшил ашиглан зохион байгуулах зэрэг арга замуудыг цогцоор нь авч үзсэнээрээ онцлог юм.

Эх сурвалж: Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн Холбоо
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.