Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлтийн арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хийж, Монгол Улс хөрөнгө оруулагчдад илүү ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчин бүрдүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэг цонхоор хамгаалж, хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хариуцлага, итгэлцлийг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах үндсэн зорилготой. Тус төв нь хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр бизнесийн холбоод, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын оролцоог хангах, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Төвийн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэдний санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах, төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах бөгөөд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Тус төвд бизнесийн мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага, төрийн байгууллагууд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулахад бүрэн боломжтой. Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, тогтвортой үйл ажиллагаа явуулахад олон талт оролцоог хангасан хамтын ажиллагааны платформ юм.
Тус төвийг байгуулснаар хөрөнгө оруулалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр тасралтгүй дэмжлэг үзүүлэх тогтолцоо бий болно. Хөрөнгө оруулагчид төрийн байгууллагатай харилцах явцад үүсдэг хүндрэл, гомдлыг нэгдсэн тогтолцоогоор шуурхай хүлээн авч, ил тод байдлыг ханган, шат дараатайгаар шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал хангагдана.
Мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоо, зохицуулалтыг сайжруулж, процессын давхардал, мэдээллийн ил тод байдлыг хангагдахаас гадна төрийн байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлж, бодлого, зохицуулалтын хэрэгжилт сайжирч хөрөнгө оруулагчдын итгэлцэл нэмэгдэх ач холбогдолтой юм.